“КОВИД-19” тусаад эдгэсэн ч, уушгиндаа ямар нэг эмгэгтэй бол цэрэгт татахгүй

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-21 18:08:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг эхэлж байна.


Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна.


Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/500 дугаар захирамжийн дагуу ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр дөрөв хоногийн турш үргэлжлэх юм.




Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан, “Цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын үед цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хамгийн гол анхаарах зүйл бол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, цэргийн үүрэгтнүүдээ цэрэг татлагад хамруулах юм. Цэрэг татлагад хамрагдаж буй иргэдийн идэвх сайн байна. Тиймээс залуус маань улам идэвхтэй хамрагдаж, иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлээрэй” хэмээн уриалж байлаа.


Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар явуулдаг байсан. Тодруулбал, эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ жилээс дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ.




Эрүүл мэндийн үзлэгийн тухай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мэдэхгүй, “Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд иргэдийг цөөн тоогоор оруулж байна. Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар, хоолой зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн баг дотор, мэдрэл, сүрьеэ, гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар, хоолой зэрэгт нарийн үзлэг хийж байна” гэв.


Нарийн мэргэжлийн үзлэгээр зүрхний бичлэг хийн, эхо, рентгенд харан, иж бүрэн шинжилгээ хийж байлаа. Мөн “КОВИД-19” халдвараар өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байх зохион байгуулалттай ажиллаж байна. Нарийн мэргэжлийн үзлэгт тэнцсэн иргэдээс “КОВИД-19” халдварын шинжилгээ авч байгаа бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж.

 


 

Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн баталсан цэргийн албаны тухай хуульд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орох юм.

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 21-24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.


Дүүргүүдийн цэрэг татлагын байр

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/

Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Related news