Жуулчид Монгол наадмыг Олимптой зүйрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-11 17:57:30

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр нээлтээ хийж байна.Эл өдрийг тохиолдуулан гадны жуулчдын сэтгэгдлийг сонслоо. Швейцарь улсаас ирсэн Эрик, найз бүсгүй Сандратайгаа аялж, яваа юм.

-Наадмын сэтгэгдлээс хуваалцаач?

-Сэтгэгдэл өндөр байна. Монгол наадам төсөөлж байснаас маш өргөн цар хүрээтэй болдог юм байна.

-Монголд хэр удах вэ. Юу хийхээр төлөвлөж байна?

-Монголд 14 хонох төлөвлөгөөтэй байгаа. Монгол наадам үзчихээд говь руу явна.

-Монгол үндэсний дээл сайхан зохиж байна. Хаанаас авсан бэ?

- Монгол дээл өмсөж үзэхийг хүссэн. Өчигдөр хайж байгаад Монголын хар зах гэгдэх "Наран туул"-аас авсан.

-Өөрийн орны ямар баяртай адилтгаж үзэх вэ?

-Эрик:  Францын үндэсний баяраар цэрэг армийнхан жагсаад, ерөнхийлөгч нь үг хэлээд л болдог. Монгол шиг бүгд цуглаж тэмдэглэдэггүй.

-Сандра: Швейцарт наймдугаар сарын нэгэнд үндэсний баяр нь болдог. Монголд яг олимп үзэж байгаа юм шиг гайхалтай болж байна.

-Танд хамгийн их таалагдсан зүйл юу вэ?

-Эрик: Эрийн гурван наадам сонирхолтой байна. Монгол үндэсний бөхийн барилдаан, сур харваа үзнэ. Ганц хэцүү байсан нь нээлтийн үеэр  маш олон хүн байсан учраас суудалдаа очиход хүндрэл үүссэн. Бусдаар бол сайхан байлаа.

-Сандра: Хүндрэлтэй асуудал дээр Эриктэй санал нэг байна. Шүхэртэй хүмүүс бууж ирнэ гэж огт төсөөлөөгүй. Энэ надад хамгийн их таалагдсан.

Г.Уранчимэг

Related news