Тариалан суманд “Аз жаргалтай гэр бүл танаас эхэлнэ" уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-27 18:08:19

Увс /МОНЦАМЭ/. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих Сайн тус төв ТББ-аас Увс аймагт “Эрэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нэгдсэн эмнэлэг, Тариалан сумын ЗДТГ, ИТХ, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Аз жаргалтай гэр бүл танаас эхэлнэ” зөвлөлдөх уулзалтыг тус суманд явуулын журмаар зохион байгууллаа.

“Аз жаргалтай гэр бүл танаас эхэлнэ” зөвлөлдөх уулзалтын хүрээнд өсвөр үеийнхэнд зориулсан “Аз жаргалтай залуус” сургалт, “Өөрийгөө хайрлахуй” эмэгтэйчүүдийн сургалт мөн мэргэжлийн өмгөөлөгч, сэтгэл зүйчийн зөвлөгөө, мэдээлэл, холбон зуучлах үйлчилгээ, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үзлэг, дотор, эхо, дурангийн үзлэг зэрэг үйлчилгээг үзүүлсэн юм.

Эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр эмэгтэйчүүдээс доогуур мэдлэгтэй байна. Тухайлбал эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 83 хувь нь өвчлөлөөс шалтгаалсан гэсэн судалгаа гарсан. Иймд тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа.

Энэ хүрээнд өнгөрөгч 10-р сард аймгийн ИТХ, ЗДТГ, Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих Сайн тус төв ТББ хамтран “Эрэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” форумыг амжилттай зохион байгуулсан бол энэ удаад уг ажил хүрээгээ тэлж, хөдөө сумдын эрэгтэйчүүдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэж байна” хэмээн Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих “Сайн тус төв” ТББ-ын зохицуулагч Д.Дулмаа хэллээ.

“Аз жаргалтай гэр бүл танаас эхэлнэ” үйл ажиллагаа нь гэр бүлийн эрүүл, эерэг харилцааны соёлыг түгээх, гэр бүлийн зөрчил маргааныг эерэгээр шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, жендэрийн хэвшмэл үзэл, ойлголтын талаарх мэдээллийг түгээх замаар олон нийтийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой юм.


Related news