Солонгос эмч нар Ховдод ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2015-10-01 16:11:32

БНСУ-ын нээлттэй нийгэмлэгийн Жон Ин Бэ ахлагчтай эмэгтэйчүүдийн эмч нарын баг "Сандаг сан" ТББ-ын урилгаар Ховд аймгийн Жаргалант, Мянгад суманд ажиллаж үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийв.

Тэд нийтдээ 300 орчим хүнд үзлэг, эмчилгээ хийсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хортой хоргүй хавдрыг анхан шатанд нь оношилжээ. Эмч нарын багийнхан эмэгтэйчүүдийн дунд таргалалтаас үүдэлтэй өвчин их байна, хөдөө сумд аймгийн төвтэй харьцуулбал өвчлөл бага байна гэжээ. Энэ нь аймгийн төвд таргалалт ихтэй, харин хөдөө суманд иргэд идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарч байгаатай холбоотой гэж тэд үзсэн аж. Мөн тус нийгэмлэгийн эмч нар Ховд аймаг дахь БОЭТ-ийн эмч нартай уулзаж, харилцан туршлага солилцох сургалт зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үүсгэн байгуулсан "Сандаг сан"-гийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын эмч нар 2016 онд дахин илүү өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллахаар болсон бөгөөд Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нарыг БНСУ-д суралцуулах, туршлага солилцох төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Б.Туул

Related news
Comments