Н.Цогт-Очир: Аль болох бодитой ажил хийж, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нь чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-11 18:24:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Цогт-Очиртой ярилцлаа. Тэрбээр 2020 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д Улаангом сумын 10-р багаас сонгогдон ажиллаж байна

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би ХААИС-ийг эдийн засаг, бизнес мэргэжлээр төгссөн. Хувиараа бизнес эрхэлж байгаад 2009 оноос аймгийн Авто тээврийн газарт мэргэжилтэн, даргаар 10 гаруй жил ажилласан. 2020 оны Орон нутгийн сонгуулиар Улаангом сумын 10-р багт нэр дэвшээд, төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Мөн аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын  түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг.

-Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ажлын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

-Манай хэлтэс сум, байгууллага, агентлагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг. Мөн Засгийн газрын тогтоол, шийдвэр, хууль дүрэм, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хяналт, үнэлгээ хийж ажилладаг. 

Энэ сарын 1-2-нд аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан амжилттай болж өнгөрсөн. Тус хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, 2022 оны төсвөө баталлаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээг хийж, биелэлтийг 84,3 хувьтай гэж үзсэн. Тодруулбал нийт 464 арга хэмжээ хэрэгжүүлснээс 258 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, 61 арга хэмжээг 90 хувьтай, 58 арга хэмжээг 70 хувьтай, 23 арга хэмжээг 50 хувьтай, 35 арга хэмжээг 30 хувьтай гэсэн үнэлгээ гарсан. Хурлын үеэр зарим төлөөлөгч үнэлгээнд шүүмжлэлттэй хандсан ч бидний зүгээс хяналт үнэлгээг хийхдээ гүйцэтгэлд нь дурын тоо тавиад үнэлдэггүй. Засгийн газрын 2020 оны  12 дугаар сарын 9-ний өдрийн 206-р тогтоолд бодлогын хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх аргачлалыг нарийн тусгаж өгсөн байдаг. Бид энэ дагуу хяналт, үнэлгээ хийсэн. 

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тойрогтоо ямар ажлууд хийж байна вэ?

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд сонгогдсон тойргийнхоо иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулж, үр дүнтэй ажиллахыг эрмэлздэг. 2020 онд Ардчилсан нам орон нутагтаа бие даагчидтай нийлж “Ардчилал-Шударга ёс” эвсэл байгуулаад аймаг орноо удирдан, бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Сонгуулиас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Цар тахлын хүндхэн үе байсан ч Улаангом сумын 10-р багт цөөнгүй ажил хийгдсэн. Иргэдээ төлөөлж буй төлөөлөгчийн зүгээс төсөв батлах үеэр өөрийн саналыг тусгаж ажилласан.

-Ирэх онд танай багт хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар?

-Өнгөрсөн оны төсөвт 255 сая төгрөгөөр багийн нутаг дэвсгэр дээрх төрийн байгууллагуудыг бохирын шугамд холбох ажлын зураг төсөв хийгдсэн. Энэ хүрээнд Онцгой байдлын газар, “Увс ЦТС” ХХК, мөн шинээр барьж буй орон сууцны хороолол хүртэл дулаан, бохирын шугам тавьсан. Мөн зүүн тойргийн багуудын дэд бүтцийн ажлын зураг төсөв дээр 550  сая төгрөг тавиулсан. Уг ажил ирэх оны 1 дүгээр сард бэлэн болох төлөвтэй байна. 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр 2 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Энэ хүрээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн урд  тойргоос Улиасны хэвийн урд уулзвар, “Түмэнд нээлттэй хязгаар” ХХК-ийн уулзвар, Галын дөрвөн зам хүртэлх зүүн тойргийн зам, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэргийг хийнэ. 

Мөн АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгээр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барьж байна. 2021-2023 онд зам дагуу айл өрхүүдийн нүүрэн талын хашааг шинэчлэх ажил хийнэ. Энэ мэтчилэн цар тахлын үе хэдий ч харьцангуй боломжийн ажил хийгдэж байна гэж үзэж байгаа. 

-Бүтээн байгуулалтын ажлаас гадна ард иргэдэд хүрсэн шинэлэг ямар ажил үйлчилгээг хийж байна вэ?

-Аль болох иргэдтэйгээ ойр байж, хүрч ажиллахыг хичээдэг. Жил орчмын хугацаанд цахим сүлжээг ашиглаад сонгогчидтойгоо уулзаж, зарим айлын гэрээр орж ярилцлаа. Манай тойргийн иргэдийн хамгийн их хүсдэг, тулгамдсан зүйл нь дэд бүтцийн асуудал юм. Энэ хүрээнд зураг төсвийн ажил хийгдэж байгаа нь сайшаалтай. 

Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн саналыг сонсох замаар гүүр болон ажиллахыг зорьж байна. Мэдээж багийн дарга, төрийн байгууллагын ажилчид гээд шат шатанд хамтраад багийнхаа тулгамдсан асуудлыг шийдэх, аймаг орны хөгжлийн төлөө бүтээлчээр ажиллах нь хамгийн чухал юм. 

Манай багт “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн гурван анги болон төрийн байгууллагууд хамтраад мод тарих ажил хийсэн.

Цаашид цаг үеийн байдалтай уялдан иргэддээ хүрч ажиллах, саналыг нь сонсох, ажил хэрэг болгох тал дээр илүү далайцтай ажиллахаар төлөвлөсөн.  

-Саяхан болсон аймгийн ИТХ-аар ирэх оны төсөв батлахтай холбогдуулан төлөөлөгчдийн дунд ширүүн маргаан өрнөсөн. Таны байр суурь юу байв?

-Өмнө нь төлөөлөгч нар сонгогдсон тойрогтоо бүтээн байгуулалт, ажил хийхийн тулд тухайн жилийн төсвийг жижиглэж, багахан төсвийг тойрогтоо суулгадаг байсан. Энэ нь төсвийн хэмжээнээс шалтгаалан төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Тухайлбал тойрог бүрт 20, 30 сая төгрөг тусгахад олигтой ажил хийгдэхгүй шүү дээ. Иймд энэ удаагийн хурлын гол шийдвэр нь иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аймаг орны хэтийн хөгжлийг харж, малгай зорилтынхоо хүрээнд гарт баригдсан бүтээмжтэй цогц ажил хийхээр шийдсэн. Энэ хүрээнд ширүүн маргаан өрнүүлэн байж “Дижитал-Увс” хөтөлбөрийг 1,5 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр боллоо. Аль болох бодитой ажил хийж, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нь чухал байна. Төлөөлөгч бүр л тойрогтоо мөнгө тавиулах хүсэлтэй байдаг. Би гэхэд орон нутгийн төсвөөс багтаа нэг ч төгрөг тавиулаагүй.

-Миний асууж амжаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл?

-Багийн иргэдийн хувьд тулгамдсан асуудлынхаа талаар саналаа хэлээд ярилцаад явдаг. Энэ хүрээнд хүн бүртэй уулзаад, асуудалд нь гүүр болоод ажиллахыг хүсдэг.

Цар тахлын улмаас энэ боломж хэсэгтээ хумигдсан байж болно. Ер нь аливаа ажил хамтын ажиллагааны хүрээнд үр дүнгээ өгдөг. Иймд иргэд маань хамтарч ажиллах, хөдөлмөрч, нэгдмэл сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүссэн ажил бүхэн санаснаар болохгүй үе гарна, үр дүнд хүрэхэд он дамжин хүлээгдэх, цаг хугацаа шаардах ч тохиолдол бий. 

Сүүлийн жилүүдэд Увс аймагт бүтээн байгуулалтын ажил их хийж байгаа нь сайшаалтай ч ард иргэдэд наалдаж байгаа зүйл байна уу гэвэл учир дутагдалтай байна. Цаашид иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгчдээ дэмжих нь чухал учир   Орлогын бүтээн байгуулалтыг бодлогын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Ингээд нийт Увсчууд, нутгийн зон олон, мөн Улаангом сумын 10 дугаар багийн иргэддээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе. 

 Та бүхний минь ажил үйлс өөдрөг байж, ирэх ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

-Ярилцсанд баярлалаа.


Related news