А.Анхбаяр: Иргэд хуулийн мэдлэггүйгээс болоод хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэх нь түгээмэл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-03 18:11:56

Увс /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны талаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Анхбаяртай ярилцлаа. 

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн. Энэ бүлэгт 9 хууль бус үйлдлийг гэмт хэрэг гэж нэрлэн заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүдээс Увс аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчил зонхилон үйлдэгддэг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж заасан бөгөөд энэ хуулийн дагуу хохирлыг нөхөн төлүүлж байгаа.

-Байгалийн нөөцийн экологи, эдийн засгийн үнэлгээ харилцан адилгүй байдаг. Хэрхэн тогтоож өгдөг вэ?

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” гэж заасан. Үүнд:-1/ ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

-2/ амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

-3/ ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

-4/ усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

-5/ газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсэн байдаг.

   Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээ гэж бас бий. Жишээ нь тусгай зөвшөөрөлгүйгээр Янгир ямааны тэх агнасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ямаа нь Засгийн газрын тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад орсон ба үнэлгээгээр нэг тооны эр янгир ямаа 2.700.000 төгрөгийн хохиролтой ба үүнийг байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 2-д зааснаар үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж төлүүлнэ. Тэрчлэн хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ойн экологи эдийн засгийн үнэлгээ буюу хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр заасан байдаг,

   Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн ургамлын аймагт учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлүүлдэг хуультай. Өөрөөр хэлбэл говьд ургадаг улаан гоёо гэдэг ургамал нь ховор ургамлын зүйлд багтдаг ба түүнийг түүх юм бол экологи эдийн засгийн үнэлгээг нь 5 дахин нэмэгдүүлж хохирлыг барагдуулахаар байгаа.

-Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?

-Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа нь 2019 онд батлагдаж 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль гэж байгаа. Тус хуулиар “Байгаль орчин, уур амьсгалын сан” гэж байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай” сан юм. Нөхөн төлбөр уг сан руу орох ба эргээд Засгийн газрын баталсан журмын дагуу тухайн сангийн үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг.

-Хохирол, экологи-эдийн засгийн төлбөр эргээд юунд зарцуулагддаг вэ?

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, экологи-эдийн засгийн төлбөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн орон нутгийн засаг захиргааны нэгжийн дансанд ордог байсан. Зарим албан тушаалтнууд дээрх хуулийн талаар мэдлэггүйн улмаас орон нутгийн засаг захиргааны нэгжид ирэх ёстой төлбөр байгаль орчин уур амьсгалын санд төвлөрдөг талаар маргаан гаргадаг байсан. Мөн иргэд хуулийн мэдлэггүйгээс болоод Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна эдийн засгийн маш их дарамтад орж байна. Тэрчлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан багаж, техник хэрэгсэл, хууль бус аргаар олж авсан эд зүйлийг мөн давхар улсын орлого болгох хуультай. Иймд иргэд та бүхэн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхгүй байх, байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news