С.Нарантуяа: Эрүүл мэндийн төвүүдэд эм тариа, хамгаалах хэрэгслийн гурван сарын нөөц бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-11 16:09:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 11648 иргэн байна. Харин халдварын омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдээгүй байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяагаас омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа талаар тодрууллаа.

- Аймгийн эрүүл мэндийн салбарынхан омикрон хувилбараас сэргийлж, бэлэн байдлын тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөгөөнд шинэчлэл хийж ажиллаж байна. Коронавирусний халдварын тохиолдол анх бүртгэгдсэн цагаас эхлээд тандалт судалгааг маш сайн хийж ирсэн. Тандалтын багийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Хамгийн гол нь гадаад орноос болон Улаанбаатар хотоос орон нутагт ирсэн иргэдэд тандалт илүү хийж байна. Дээр нь гадаад орноос ирсэн Улаанбаатар хотод тусгаарлалтад байсан иргэдээ сумын Эрүүл мэндийн төв, Онцгой комисс, хууль хяналтын байгууллагынхантайгаа хамтран хяналтад авч байгаа. Шинжилгээ өгөөд халдваргүй гэсэн оноштой ирсэн иргэдийн хувьд тав хоног гэрийн ажиглалтад байлгаад ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол нийгмийн харилцаанд оруулж байна. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг гарах юм бол PCR шинжилгээ авч байгаа. Энэ ажлыг хийгээд явж байна.

- Эрүүл мэндийн салбарын нөөц, хангамж ямар байна вэ? Мэргэжлийн байгууллагуудаас халдварын давлагаа нэмэгдэж магадгүй талаар сэрэмжлүүлж байна.

- Аймгийн хэмжээнд нөөцийн хувьд яаралтай тусламж, нэн ялангуяа вирусний ханиадтай хавсарсан энэ үед аймгийн нэгдсэн эмнэлэг дээр яаралтай тусламжийн хүлээн авах цэгийг гурван чиглэлээр бэлтгэсэн. Амьсгалын замын өвчтэй, коронавирусний халдвартай гэх зэргээр ангилж байна. Бүх сумын Эрүүл мэндийн төвд амьсгалын замын өвчтэй иргэдээ тусгайлан авах амбулатори нээж бүх суманд таван хүний бүрэлдэхүүнтэй нэг баг, дээр нь шинжилгээний, дархлаажуулалтын, яаралтай тусламжийн баг ажиллуулаад явж байна. Сумдад хамгаалах хэрэгсэл, эм тарианы хувьд гурван сарын нөөцөөр хангагдсан байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд вирусний эсрэг эм тариа, хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөцтэй байгаа.

- Хүний нөөцийн хувь ямар байна вэ?

- Эрүүл мэндийн салбарын хувьд хүний нөөцийн төлөвлөгөөний тодотголоор явж байна. Дайчлан ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Дээр нь бас манай аймгийн хувьд олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг бэлтгэсэн байгаа. Булган суманд гэхэд олон нийтийн эрүүл мэндийн ажилтан 16  байна.

Ер нь аймгийн Эрүүл мэндийн газар нийгмийн мэндийн ноцтой байдлын үед тэргүүлэх салбараар ажиллаж байгаагийн хувьд бүр сумын Онцгой комисст зөвлөмжөө хүргүүлсэн. Сумын Эрүүл мэндийн байгууллагатайгаа долоо хоног тутам, шаардлагатай үед шууд цахим хурал зарлан хуралдуулж байна. Бидний хувьд цахим сургалт, хяналт үнэлгээг газар дээр нь явуулж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хоёр удаа хяналт хийсэн. Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Долоо хоног тутам бэлэн байдлаа хянаж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Related news