Монгол Улс, “Rio Tinto” Оюу толгойтой холбоотой маргаанаа шийдвэрлэлээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-01-27 15:08:07

УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улсын Засгийн газар, Англи-Австралийн “Rio Tinto” компани Оюу толгой зэс-алтны уурхайн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой урт хугацаанд үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл бүрдлээ гэж Монголын Засгийн газрын хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээллээ.


“Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхай бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын үйл ажиллагааны үеэр цохон тэмдэглэв.


Мөн тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байна” хэмээн нэмж хэлжээ.


Оюу толгой зэс-алтны уурхайн гэрээг Монголын Засгийн газар, “Rio Tinto” компани 2009 онд байгуулсан бөгөөд 2015 онд санхүүжилтийн гэрээг байгуулсан юм. Гэвч Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт олон маргаан дагуулж, геотехникийн хүндрэл, зардал, “COVID-19” цар тахал гэх мэт бусад шалтгааны улмаас хойшилсоор иржээ.


Монголын өмнөд нутгийн говь цөлд оршдог энэхүү уурхай нь тус улсын хувьд хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл юм. Засгийн газрын мэдээлснээр, гүний уурхай 2023 оноос бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс нь дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх ажээ.


Энэхүү уурхайгаас жилд 430 мянган тонн зэс, 425 мянган унц алтыг 20 жилийн турш олборлох тооцоотой байна. Монголын Засгийн газар Оюу толгойн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн 66 хувийг нь “Rio Tinto”-гийн охин компани болох “Turquoise Hill Resources” эзэмшдэг. 

Related news