Монгол Улc 15 өвлийн олимпын наадамд оролцоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-15 10:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нийслэл хотноо "Бээжин-2022" өвлийн паралимпын наадам 2022 оны 3 дугаар сарын 4-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн билээ. Монгол Улсын баг тамирчид өвлийн "Цагаан олимп"-ын цас, мөсөн замд анх хэдэн оноос эхлэн оролцож эхэлсэн талаар спорт сонирхогчдод таниулан сурталчлах зорилгоор энэхүү нийтлэл тодруулгыг толилуулж байна.


                                                             Өвлийн олимпод оролцсон түүх


Монгол Улс 1962 онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны бүрэн эрхт гишүүн болсноор “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадмаас эхлэн "Цагаан олимп"-д анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн түүхтэй.


“Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд монголчууд биатлоны төрөлд Б.Дамдинжав, Б.Дашгай, Т.Лхамсүрэн, Ц.Данзан, цанын төрөлд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, С.Нацагдорж, Б.Баадай, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, гүйлтийн тэшүүрийн төрөлд Л.Дашням, Л.Цэнд, Ц.Лхамжав гэсэн 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм.



Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрт уралдсан Ц.Лхамжав 20 дугаар байр эзэлсэн нь өвлийн олимпод манай тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар өнөөг хүртэл тооцогдсоор байна. Түүнчлэн монголчууд хамгийн олон тамирчинтай оролцсон өвлийн олимп нь “Инсбрук-1964” цагаан олимп юм.


Улмаар монголчууд “Гренобль-1968” олимпын наадамд биатлон, цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд 7 эрэгтэй тамирчин оролцсон бол “Саппоро-1972” олимпод цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд 4 эрэгтэй тамирчнаа оролцуулжээ. Хоёр дахь олимпдоо хурд сорьсон Л.Цэнд тэшүүрийн 5000 метрт 28, 10.000 метрт 24 дугаар байр эзэлсэн юм.


Харин монголчууд “Инсбрук-1964”-өөс эхлэн өвлийн олимпод тасралтгүй оролцож ирсэн буухиа энэ удаа тасарч “Инсбрук-1976” олимпод тодорхой шалтгааны улмаас оролцоогүй юм.


Өмнөх олимпыг өнжсөн Монгол Улс “Лейк-Плэсид-1980” олимпод цана, тэшүүрийн төрөлд 3 тамирчнаа оролцуулсан байна. Харин “Сараево-1984” олимпод цанын төрлөөр 4 тамирчин өрсөлдсөн бол  “Калгари-1988” олимпод цанын төрлөөр /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ 3 тамирчин оролцсон байна. “Альбервиль-1992” өвлийн олимпын наадамд цана, тэшүүрийн төрлөөр 4 эрэгтэй тамирчинтай оролцож байжээ. Харин олимпын эрх авч оролцдог болсон анхны “Лиллехаммер-1994” олимпод монголчууд шорт-трекийн төрлөөр ганц эрэгтэй тамирчин эрхээ авч оролцжээ.



“Нагано-1998” олимпод монголчууд цана, шорт-трекийн төрөлд 3 эрэгтэй тамирчин оролцсон бол "Солт-Лейк-2002" олимпын наадамд цана, шорт-трекийн төрөлд 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин өрсөлдсөн юм. Харин “Турин-2006” олимпод цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа илгээж байсан бол “Ванкувер-2010” олимпод гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцсон байна.




“Сочи-2014” олимпод гүйлтийн цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчин оролцсон бол “Пёнчан-2018” олимпын наадамд уг төрлөөр эрэгтэй, эмэгтэй 1 тамирчин хурдаа сорьсон юм.




“Бээжин-2022” өвлийн олимпын  XXIV наадамд спринт болон гүйлтийн цанын ОУХМ А.Энхтуул, Б.Ачбадрах нар цасан замд хурдаа сорьсон билээ. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 1964 оноос эхлэн 15 удаагийн өвлийн олимпын наадамд оролцсон байна.


                                            Өвлийн паралимпын наадамд оролцсон түүхийг сөхвөл


Монголын баг тамирчдаас өвлийн паралимпын наадамд 2006 онд Италийн Турин хотноо болсон IX наадамд Монголын цаначин Н.Сүхбаатар анх мөрөө гаргасан билээ. Тодруулбал, Турины паралимпын наадамд Н.Сүхбаатар, "Ванкувер-2010" өвлийн паралимпын X наадамд Н.Сүхбаатар, Э.Зориг нар, "Сочи-2014" өвлийн паралимпын XI наадамд Б.Ганболд, "Пёнчан-2018" өвлийн паралимпын XII наадамд Б.Ганболд нар бүгд гүйлтийн цанын төрлөөр оролцсон юм.


БНХАУ-д болсон "Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд Монголын пара цанын баг тамирчид гүйлтийн цана болон уулын цана /анх удаа / гэсэн 2 төрөлд өрсөлдлөө. Энэ удаа "Сочи-2014", "Пенчан-2018" паралимп наадамд оролцсон Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх юм. Түүний хувьд "Бээжин-2022" өвлийн паралимпын наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчийн үүрэг хүлээсэн юм.




Пара гүйлтийн цанын спортын төрлөөр Ц.Дашдорж, пара уулын цанаар Б.Цэрэнпунцаг нар анх удаа “Бээжин-2022” паралимпын цасан замд уралдсан бөгөөд багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажилласан.


"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам 2022 оны 3 дугаар сарын 4-13-ны өдрүүдэд үргэлжилж гүйлтийн цанын 20 км зайд Монголын тамирчин ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23.5 секунд хурдалсан амжилтаар 12 дугаар байр эзэллээ. Харин Цэгмидийн Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогт замаас гарснаар уралдаанаа дуусгаж чадаагүй юм.


Тэд гүйлтийн цанын ойрын зайн уралдааны тэших техникээр 1.2 км зайд уралдаж Б. Ганболд 13-аар гараанаас гарч уралдааны замаа 3 минут 05.39 секундийн хугацаанд туулсан амжилтаараа 18 дугаар байрт, Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 3 минут 07.32 секундийн амжилтаар 19 дүгээр байрт тус тус шалгарлаа.


Мөн 12.5 км-т манай гүйлтийн цанын 2 тамирчин уралдаж Ц.Дашдорж 41:01.0 минутын амжилтаар 14 дүгээр байрт, Б.Ганболд 48:07.7 минутад замаа дуусгаж, 21 дүгээр байрт шалгарснаар тэдний уралдаан дууслаа.


"Бээжин 2022" өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд анх удаа өрсөлдсөн Бямбадоржийн Цэрэнпунцаг  тэмцээний эхний гараандаа замаа дуусгалгүй тэмцээнээс хасагдлаа. Ийнхүү Монголын 3 тамирчин энэ удаагийн Цагаан олимпод өрсөлдлөө.




                                                        Монгол үндэсний хувцас Олимпын музейд


ОУОХ-ны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтэд Монголын үндэсний шигшээ багийн гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрахын өмссөн үндэсний дээл, малгайг Швейцарь улсын Лозанн хотноо байрладаг ОУОХ-ны Олимпын музейд дурсгасан юм.





Related news