Р.Мөнгөншагай: Ус бол өнөөдрийн алт, нүүрс, нефть, зэсээс ч илүү үнэт эрдэнэ юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-22 12:40:50

Увс /МОНЦАМЭ/“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан “Чандмань-Увс ХХК-ий Усан хангамжийн инженер Р.Мөнгөншагайтай ярилцлаа.


-Хэрэглэгчдэд хүрч буй усан хангамжийн үйлчилгээний талаар ярихгүй юу?

-‘’Чандмань-Увс’’ ХХК нь Улаангом сумын орон сууцны 1897 айл өрх, гэр хорооллын 409 өрх болон 249 аж ахуйн нэгж, байгууллагыг ундны болон ахуйн хэрэгцээний цэвэр усаар хангаж байна. Дээрх усны олборлолтын эх үүсвэр нь гүний 10 худаг, ус өргөлтийн 1,2-р насос станц, 1000 мерт куб эзлэхүүнтэй төмөр бетонон хийцтэй 3 резерваур ашиглан усан хангамжийн үйлчилгээг үзүүлдэг. Хоногт дунджаар 1400-1500 метр куб усыг олборлон, хэрэглэгчдийг 24 цагийн турш тасралтгүй усаар хангаж байна.

-Жил бүр тохиодог “Дэлхийн усны өдөр”-өөр ямар ажил зохион байгуулдаг вэ?

-Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Дэлхий усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уг өдөр нь цэвэр ус болон усан хангамжийн үйлчилгээний өнөөгийн байдал болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Жил бүр Чандмань-Увс ХХК-иас усны үнэ цэн, ашиглалт, тулгамдсан асуудлыг олон нийтэд таниулсан нөлөөллийн ажлыг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн тухайд Увс нуур Тэсийн голын сав газрын захиргаатай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Усны хомстол, усны зөв хэрэглээ” Ус бидний амьдралд” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдааныг зарласан. Хүүхдүүд бичсэн эсээ, зурсан зургаараа дамжуулан усыг ариг гамтай зарцуулах, усгүй бол байгаль дэлхий, хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй гэх ойлголтыг олон нийтэд өгдөг.

-Иргэд өдөр тутамд усыг хэрхэн зөв хэрэглэх ёстой вэ?

-Хүн амын дунд усны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь маш чухал. Тухайлбал, шүдээ угаахдаа усаа хаалгүйгээр гоожуулвал дунджаар 6 литр ус зарцуулдаг бол аяга ашиглавал 0,6 литр ус зарцуулдаг. Гар нүүрээ угаахдаа мөн л аяга ашиглах нь усны хэмнэлтэд нөлөөлнө. Ер нь орон сууцны айл өрхүүд ахуйн хэрэглээндээ усыг хэмнэх, гамтай зарцуулах энгийн аргад суралцах хэрэгтэй байна. Усыг хэмнэх аргуудаас яривал, шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох, гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх, саванд ус хийж аяга тавгаа угаах, крантаас гоожуулж угаахгүй байх, бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх, ус дусалж байгаа крантуудыг хаах зэрэг өдөр тутмын амьдралдаа зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм.

сны үнэ тариф нэмэгдлээ. Хэрэгцээ талаасаа хэр нийцэж байна?

-Хот суурин усан хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр усны үнэ тариф нэмэгдсэн. Манай аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулбал хамгийн бага өртгөөр нэмэгдсэн. Тоолууртай орон сууцны айл өрх литр усыг 42 мөнгөөр тооцож байсныг 84 мөнгө, тоолуургүй айл өрх 46 мөнгө байсныг 91 мөнгө болгон нэмэгдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдардаг өрх литр усыг 2 төгрөгөөр худалдаж авдаг бол орон сууцанд амьдардаг өрх литр усыг 84 мөнгөөр буюу нэг төгрөг хүрэхгүй үнээр хэрэглэж байна.

Усны төлбөрийг нэмэх хэрэгцээ гэвэл орон сууцны айл өрхүүд крантаа нээхэд цэвэр ус бэлэн, эргээд хуримтлагдсан бохир усыг татан зайлуулах гээд их ажил байдаг. Энэ бүхний цаана усны байгууллагын үйл ажиллагаа, ажилчдын уйгагүй хөдөлмөр байдаг.

-Өнөөдөр крантаа нээхэд ус бэлэн байгаа болохоор иргэд үнэ цэнийг нь мэдрэхгүй байх шиг?

-Ус бол өнөөдрийн алт, нүүрс, нефть, зэсээс ч илүү үнэт эрдэнэ юм. Та үнэт эдлэл, мөнгөгүй ч гэсэн хувь төөрөг, нас зүсээ дуустал амьдрах боломжтой. Харин усгүй бол 72 цаг л амьд явна. Ингээд бодохоор хамгийн хямд өртөгтэй, өдөр тутмын чухал хэрэгцээ бол ус юм.

Манай байгууллага усыг олборлох, түгээхдээ гүний худаг→усан сан→дамжуулан шахах насос станц→хлоржуулах байгууламж→ЦТП 1,2-р өргөгч станц дээр инженертехникийн зааварчилгаагаар нийт 8 оператор 24 цагийн турш хэрэглэгчдийг тасралтгүй ундны усаар ханган ажиллаж байна.

-Нийт хэрэглэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Хэрэглэгчид та бүхэн хэргэлсэн усныхаа мөнгийг цаг тухайд нь төлж хэвших хэрэгтэй байна. Мөн айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд усыг зөв, зохистой, ариг гамтай хэрэглэцгээе гэж уриалмаар байна.

-Танд баярлалаа.

Related news