Хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-14 11:18:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Өлгий хотод Үйлдвэрчний эвлэлийн холбооны сургалтын танхимд боллоо.

Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн  мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

Энэ эцэг эхчүүдэд “Эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх”, “Эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр сургалт хийв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Баян-Өлгий аймагт хүүхдүүдэд эрт илрүүлэг, сэргээн засах цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өчигдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт 40  гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд үзлэг өнөөдөр ч үргэлжилнэ.

Түүнчлэн ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын баг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авч гэрээ байгуулсан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, явцтай танилцах юм.

Ташрамд сануулахад, Монгол Улсын Статикийн хорооноос гаргасан судалгаагаар 2021 оны эцсийн байдлаар тус аймагт 3851 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 820 нь хүүхэд аж.

Related news