“Шилжин суурьшигчдад тусалъя” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Шилжин суурьшигчдад тусалъя” төслийг Говь-Алтай аймагт Улаан Загалмай хороо хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй шилжин суурьшигчдын эмзэг байдлыг хязгаарлах, шилжилт хөдөлгөөнд эерэгээр нөлөөлөх, төрийн байгууллагуудад холбон зуучлах, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд 2021 онд 14 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн бол энэ онд 29,5 сая төгрөгийн дэмжлэгээр төсөл дахин хэрэгжиж байгаа аж. 2021 онд шилжин суурьшигчдад тулгамдаж буй асуудал, тэдний бодит хэрэгцээг судлах, төрийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар аймгийн Улаан загалмайн хороо ажиллаж байгаа бол Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Есөнбулаг сумын ЗДТГ, багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнууд хамтран ажиллаж байгаа аж.
Энэхүү төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэгээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, төслийн талаар санал солилцов. Мөн Есөнбулаг сумын 10 багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэдэнд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, баг тус бүр шилжин суурьшигч иргэдийн нэгдсэн судалгааг гарган багийн шилжин суурьшигч иргэдийг төслийн үйл ажиллагаанд хамруулан хамтран ажиллахаар боллоо хэмээн холбогдох албанаас мэдээлэв.