Хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж, өнгө үзэмжийг сайжруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төрийн байгууллагууд Алтай хотод байрлах 19 хөшөө, дурсгалыг сэргээн засварлах ажлыг өрнүүлж, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлыг энэ удаа дөрөвдүгээр сарын 18-нд тус аймгийн холбогдох төрийн байгууллагууд хамтран өөрийн сум орон нутгийнхаа соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах, олон нийтийн эзэмшлийн түүхэн хөшөө баримлуудын ойр орчмын хогийг цэвэрлэн, ариутгал халдваргүйтгэл хийн өнгө үзэмжийг нь сайжруулан, өнгөлж тордсон байна.
Харин Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейгээс энэ өдрийг тохиолдуулан орон нутгийнхаа соёлын биет өв болох хөшөө дурсгалын мэдээ мэдээллийг хүүхэд багачуудад таниулан сурталчлах зорилгоор Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн Н.Энхтуяа багштай 2Д ангийн хүүхэд багачуудад Алтай хотын хөшөө дурсгалтай танилцах аяллыг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулжээ.
Тус аймагт өдгөө 80 гаруй хөшөө дурсгал байдаг бөгөөд ихэнх нь тухайн орон нутгаас төрөн гарсан алдартан болон морины хөшөөнүүд байна. Сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэж байгаа, аймгийн төвд гэхэд 19 хөшөө бий хэмээн Орон нутгийн судлах музейгээс мэдээлэв.