Дасгал сургуулилтаар нисэх буудалд байршуулсан тэсрэх бодисыг аюулгүй болгов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-04-28 10:15:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн Ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан “Код-7” буюу “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” сэдэвт баруун бүсийн нисэх буудлуудын дасгал сургуулилалт Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудалд боллоо. 

Иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарч болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад чиглэсэн Иргэний нисэхийн байгууллага болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Цар тахлын нөлөөгөөр хоёр жил завсардсан тус сургалтыг ИНЕГ-ын санаачилгаар ТЕГ-тай хамтран энэ жил зүүн болон говийн бүс, төвийн бүс, баруун бүс гэсэн гурван бүсээр хуваан явуулж байгаа аж. Энэ удаагийн сургуульд баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь нисэх буудлуудын ажилтнууд болон тусгай чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид оролцож байна.

“Код-7” дасгал сургуулийг нисэх буудалд байршуулсан тэсрэх бодисыг аюулгүй болгон, дотор байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, заналхийлсэн этгээдийг баривчлах зохиомжоор явууллаа. Сургуулилалтын төгсгөлд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэ удаагийн сургуулилалт өндөр зохион байгуулалттай, маш сайн гүйцэтгэлтэй боллоо. Хэдийгээр өнөөдрийн сургуулилалт цаг агаарын таагүй нөхцөлд болж байгаа ч, оролцсон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнууд гарч болзошгүй хууль бус үйлдэл, заналхийллээс энгийн иргэдээ авран хамгаалахын тулд маш нягт нямбай, уялдаа холбоотой ажиллаж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна. Зохион байгуулсан болон оролцсон байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.