Бага Түргэний хүрхрээ аялагчдын тоогоор Алтайн Таван богдын дараа орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-29 12:59:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ юм.

Тус аймгийг зорин ирэгсэд Алтай Таван Богд уулын дараа Бага Түргэний хүрхрээг үзэж сонирхохыг хүсдэг. Тийм учраас аялагчдын тоогоор Алтай Таван Богдын дараа орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. 

Алтайн нурууны хадан хавцлаас эхэлсэн хоёр том хөндий нь үзэсгэлэнт Хотон, Хурган нуур хүртэл үргэлжилдэг. Эдгээр хөндийнүүдийг Их, Бага Түргэн хэмээн нэрлэдэг. Хөндийн эргэн тойрон битүү шинэс, нарс, хонин аарцаар хучигдсан ба дундуур нь Их, Бага Түргэний гол урсан Хурган нуурт цутгадаг. Бага Түргэний голын адагт Түрэгийн үеийн сонирхолтой хүн чулууд, мөн төмөр зэвсгийн түрүү үед холбогдох пазырык булшнуудыг үзэж харж болно.


Бага Түргэний хавцалд оршдог уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Эргэн тойрон нь мөнх цастай уулс, уул хад, зүлэг ногоо, ой мод, булаг шанд, уулын түргэн урсгалтай голуудтай. Хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага хүрхрээний өндөр 13 метр байна.

Хүрхрээ оршиж байгаа газар Алтай Таван Богд уулын байгалийн цогцолборт газарт харьяалагдаж, улсын тусгай хамгаалалтад байдаг. Хойд талаараа БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэнэ.

Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, хүрэн баавгай, шилүүс мий, нохой зээх зэрэг зэрлэг ан амьтад идээшин нутагладаг. Мөн алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий.

Бага Түргэний хүрхрээ нь аймгийн төвөөс 180 км, Цэнгэл сумын төвөөс 110 орчим км зайд оршдог. Өлгий-Сагсай-Цэнгэл-Бага Түргэн, эсвэл Өлгий-Улаанхус-Цэнгэл-Бага Түргэн гэсэн үндсэн хоёр маршрутаар явж болно. Гэхдээ машинаар шууд яваад очих боломжгүй. Дөхөж очиж машинаа орхиод, цаашаагаа хүрхрээ рүү 1 км орчим явган алхдаг.

Бага Түргэний амнаас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны ажилтнаас зөвшөөрлийн бичиг авч, хураамж төлнө.

Зуны улиралд Их, Бага Түргэний хавцлын аманд Цэнгэл сумын казах айлууд зусдаг тул аялагчид үндэсний ёс заншил, ахуй амьдралтай танилцах, бүргэдчидтэй уулзах, мөн мах, айраг, цагаан идээ худалдаж авах, морь хөлслөх боломжтой.

Сүүлийн жилүүдэд Бага Түргэний хүрхрээг зорин ирдэг аялагч, жуулчдын тоо өсөж байгаа. Иймд орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаанаас Бага Түргэний аманд нэвтрэх цэг байгуулж, хүрхрээ орчмын ан амьтан, онгон дагшин байгалийг нутгийн иргэдээр хамгаалуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Related news