Газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэх нь чухал байгааг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн тариаланчдын зөвлөгөөн өнөөдөр боллоо. “Аймгийн газар тариалангийн салбар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж, хүн амыг хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа эдийн засаг нийгмийн чухал салбар юм” гэдгийг аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ онцлов.
2021 онд Өвөрхангай аймаг 15849.4 га талбайд тариалалт хийн 15761 тн ургац хураан авсан нь сүүлийн 28 жил дэх хамгийн их ургац байлаа. Үүний үр дүнд хүн амынхаа төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 30,7 хувь тус тус хангаж, гурилын хэрэгцээг бүрэн хангахуйц улаан буудайтай болсон юм.
2022 онд тус салбар 10690 га талбайд тариалалт хийж, 24053 тонн ургац хураах зорилт дэвшүүлж байна. Дэлхийн зах зээлд хүнсний үнэ эрс нэмэгдэж байгаа тул газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, өөрсдийн бүхий л нөөц боломжийг дайчлан ажиллах нь чухал болохыг зөвлөгөөнөөр онцоллоо.
Гэвч импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн өсөлтөөс шалтгаалан хаврын тариалалтын бэлтгэл ажилд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа аж. Мөн хаврын тариалалтад трактор, техникийн хүрэлцээ маш хангалтгүй, цаг агаарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологийг нутагшуулах, тариалангийн талбайн усны асуудлыг шийдвэрлэх, хүнсний ногооны төрөлжсөн, механикжсан зоорь агуулах бий болгох гэхчлэн олон тулгамдсан асуудал байгааг аймгийн удирдлагууд хэлж байсан юм.
Тариалан эрхлэгчдийнхээ мэргэжил боловсролыг дээшлүүлэх, чадавхыг сайжруулах, залуу үе, залгамж халааг бэлтгэж, хариуцлагатай тариаланчдыг төлөвшүүлэх нь хөрөнгө санхүүгийн дэмжлэгээс дутуугүй ач холбогдолтой болохыг ч ярьж байлаа.
Аймгийн хэмжээнд төмс үйлдвэрлэлийн механикжуулалт 60 хувь, хүнсний ногооны механикжуулалт 38 хувьтай байгаа ба хүнсний ногоо тарих, арчлах, хураах технологийн ажлуудын 60-70 хувийг гараар гүйцэтгэж байна.
Зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт үзүүлж буй дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

