НҮБ-ын Хүүхдийн сангаас 11 дүгээр цэцэрлэгт дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-09 14:43:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгт 15 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, уг цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд бүрт тоглоомын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн БШУГ-ын хүсэлтийн дагуу НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр 15 сая төгрөгийн тоглоом наадгай, ном сургалтын хэрэглэгдэхүүн, Биеийн тамир, Хөгжмийн танхимын хэрэгслэл, хэрэглэгдэхүүн нийлүүлсэн байна. Сургалтын хэрэглэгдэхүүнийг БШУГ-ын дарга Ж. Амгаланбаатар цэцэрлэгийн хамт олонд гардуулан өгсөн юм. 

С.Нэргүй эрхлэгчтэй 11 дүгээр цэцэрлэг нь 2019 онд улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлаа эхлүүлж, 2021 оны 10 дугаар сард ашиглалтад орсон. 320 хүүхдийн хүчин чадалтай Есөнбулаг сумын отгон цэцэрлэг билээ. Тус цэцэрлэгт ажиллах мэргэжлийн болон туслах багш нар нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн шалгалт, сорилтод тэргүүлсэн чадварлаг багаас бүрдсэн бөгөөд нийт 47 ажилтантай. 


Related news