Иргэд харьяа сумаасаа тоон гарын үсэг авах боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-09 16:28:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хөдөөгийн бүх сумын улсын бүртгэлийн ажилтнууд өнөөдрөөс иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ.

Цахим гарын үсгийн тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой улсын бүртгэлийн байгууллага  иргэдэд тоон гарын үсэг олгож байна.

Уг ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 13 сум, 1 тосгоны улсын бүртгэгч нарыг холбогдох сургалтад хамруулж, өнөөдрөөс харьяалал харгалзахгүйгээр сумдын төвөөс тоон гарын үсэг олгож эхэллээ.

Иргэд харьяа сумын улсын бүртгэлийн ажилтан дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, тоон гарын үсэг авах боломжтой. Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээг хаанаас ч цахимаар авах боломж бүрдэнэ гэдгийг албаны хүн хэллээ.

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 207 иргэн тоон гарын үсэг авсан байна.

Related news