БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-05-14 23:18:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, боловсролын салбарын удирдлагууд, багш нартай уулзалт хийв. Энэ үеэр боловсролын салбарын удирдлагууд, багш нарт боловсролын төсвийн шинэчлэлийн эрх зүйн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Түүний ажлын багт Сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл, БЕГ-ын дарга Т.Ням-Очир, БШУЯ-ны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, Санхүүгийн хэлтсийн дарга А.Мөнх-Оргил, Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа, Боловсролын мэдээллийн төвийн дарга Ц.Тодгэрэл болон албаны бусад хүмүүс багтжээ. 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021 онд шинээр 2 сургууль, нэг дотуур байр, спорт заалны барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 сургууль, 3 цэцэрлэг, 1 дотуур байр шинээр барих болсонд талархалтай байна.

2021 онд аймгийн Засаг даргын зүгээс хими, математик, бага ангийн багшаар төгсөж байгаа оюутнуудтай гэрээ байгуулах, багш нарт орон байрны дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарын шинэчлэлд төрийн албан хаагчдыг шалгаруулах, үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, орон нутагтаа тогтвортой ажиллаж байгаа тус салбарын 20 алба хаагчид дэмжлэг үзүүлэх, ахлах ангийн сурагчдыг гадаадад сурах нөхцөл боломжийг нээх, ЭЕШ-д 800 оноог бүрэн авсан сурагчдад урамшуулал олгох, 10 цэцэрлэгийг бүрэн камержуулах, сургууль, цэцэрлэгийн 67 алба хаагчид 344,0 сая төгрөгийн өртгөөр зөөврийн компьютертэй болгох асуудлыг шийдвэрлсэн” хэмээн онцоллоо.

Мөн Ерөнхий боловсролын 3 сургууль, 3 цэцэрлэгийн Багш хөгжлийн төвийг тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулж, багш нарыг сувилалд хамруулах, багш нарыг магистрын болон TOFEL-ын сургалтад явуулж сургах, “Сайн багш, сайн сургууль” удирдамжийг хэрэгжүүлэхэд тодорхой санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, “Их соёл, эх үндэс" хөтөлбөрөөс гадна 3 сургуульд ариун цэврийн байгууламж, 2 сургуульд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй болгожээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нарт боловсролыг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлээд 2022-2023 оны хичээлийн жилийн онцлог, тулгамдсан гол сорилтууд, түүнийг хэрхэн даван туулсан тухай болон УИХ-аар хэлэлцэж буй Боловсролын багц хууль, түүнд багш нарын оролцоо, тулгамдаж буй асуудал, салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Өнгөрсөн хугааанд Боловсролын ерөнхий газар байгуулж, боловсролын салбарт төсвийн реформ эхлүүлэн, анх удаа 2,0 их наяд давсан төсөв батлуулсан, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн, сурагчдын хоцрогдлыг оношлох гарааны үнэлгээг хийсэн, Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан, бага ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгосон зэрэг тус салбарт хийж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар мөн танилцуулсан.

Тэрээр цааш нь боловсролын салбарт олсон амжилт, бодлогын алдаа дутагдал, түүнийг сайжруулах арга замын талаар танилцуулж, салбарын шинэчлэлийн хүрээнд сурагчдын сэтгэн бодох, асуудалд бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах, бусадтай харилцах, зөв төлөвшил, бүтээлч ур чадварыг хөгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм.

Мөн энэ үеэр БШУЯ-ны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт Боловсролын чанар, үр дүнг дэмжсэн төсвийн шинэчлэлийн талаар танилцуулсан бөгөөд энэ нь тус салбарын үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, аргачлалыг нэвтрүүлэх, боловсролын цахим шилжилтийг бий болгох, сургалтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, хэв шинжийг шинэчлэх, байгууллагын засаглалыг сайжруулах, энэ салбарын хүртээмжээс илүү чанарт анхаарах  ач холбогдолтой гэлээ.

Уулзалтын үеэр багш нарын дунд шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал авсан бөгөөд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагчид тоглолтоо сонирхуулсан юм. 

Related news