750 төгсөгч мөнгөн хонхны баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-19 09:52:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 9 болон 12 дугаар ангийг 657 сурагч, Политехник коллежийг 92 суралцагч төгсөж байна. Багш, төгсөгчид өчигдөр Мандалговь хотын төв талбайд төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.

Жил бүр төгсөгчид ийнхүү баяр хөөр дүүрэн “Мөнгөн хонхны баяр”-аа тэмдэглэж, энэ нь төгсөгч бүрийн хувьд насан туршдаа сургууль, багш нар, анд найзуудаа дурсан санах дурсамж дүүрэн баярын өдөр байдаг.


Төгсөгчдийн энэхүү баярыг хуваалцахаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, БШУГ-ын дарга Ц.Уранбямба, 5 сургуулийн захирал, багш нар болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж, төгсөгчдөдөө баяр хүргэж, ирээдүйн амьдралд нь амжилт хүслээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төгсөх ангийн сурагчдад мэндчилгээ дэвшүүлэхдээ "Сонгосон мэргэжлээрээ сайн суралцаж, эзэмшсэн мэргэжилдээ мэргэшин, эх орныхоо эзэд болж, аймаг орон нутагтаа эргэн ирж, ихийг хийж бүтээн нутаг орноо хөгжүүлэх ирээдүйн эзэд нь байгаарай" гэлээ.

Мөн сурлага хөдөлмөртөө амжилт гаргасан сурагчдыг Сайнцагаан сумын "Жуух бичиг", ГБХЗХГ-ын нэрэмжит "Авьяас алтан медаль", "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын “Соёлын өв залгамжлагч” медиалиар шагнаж, Шилдэг төгсөгчдийг шалгаруулав. 



Related news