“Дөл-2022” цогцолбор тэмцээнд Дадал сумын ЕБС-ийнхан тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-27 09:05:27
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын нэрэмжит ААШ цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнд Дадал сумын ЕБС-ийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Нийт 7 сум, 2 тосгоны 13 багийн 169 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс дэд байрт Биндэр сумын баг, гутгаар байрт Өлзийт тосгоны баг, тусгай байрт Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн баг тамирчид тус тус шалгарчээ.
Энэхүү тэмцээн нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, Монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой аж. БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа, генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохион байгуулж ирсэн түүхтэй.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн баг тамирчид ирэх наймдугаар сард болох улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлөн оролцох юм.
Related news