Өмнөговь аймгийн аяллын маршрут

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2022-05-30 15:14:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг нь Монгол Улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймагтай тус тус хиллэн оршино.

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол Улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй.

Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг,


Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул


Хонгорын элс нь Өмнөговь аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элс. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол Улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс, ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм.

Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195 метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг, сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс ийнхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм. 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол Улсын есөн гайхамшиг”-аар тодорсон.


50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палеонтологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг Баянзаг




Гадныхны дунд асч буй толгод хэмээх нэрээр алдаршсан Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт хол саахалтын зайд оршдог. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Баянзаг нь 20 - 50 орчим метр өндөр эгц цавчим эрэгтэй. Монгол орны хамгийн том цавуудын нэг юм. Галын дөл мэт улаан хөрстэй. Энэ газарт говийн заг мод ихээр ургадаг учир Баянзаг хэмээн нэрийдсэн байдаг. Эрт цагт нутгийн хүмүүс мянган тэмээ туугаад ороход тэмээний бараа харагддаггүй байсан хэмээх хууч яриа бий.

Далайн ёроолын шаварлаг хурдас нь эгц цавчим мөргөцөг үүсгэн гайхалтай тогтцыг бүтээжээ. Эрт цагт уг газарт амьдарч байсан үлэг гүрвэлийн олдворуудыг тэртээх 1920 онд Рое Андрюс хэмээх эрдэмтнээр ахлуулсан баг нээн илрүүлж байжээ. Баянзагт л чухам үлэг гүрвэлийн өндөг бүхий үүрийг анх удаа олсон бөгөөд дэлхийн түүхэнд томоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн олдвор болсон юм. Рое Эндрюс нь Монголын говь, тэр тусмаа Баянзагийн тухай “Эртний хүний мөрөөр” хэмээх номыг бичиж үлдээсэн байдаг.

Баянзаг орчим, Арц богд уулын урд хэсгийн уудам тал нь тэр чигээрээ монголчуудын нэн эртний түүхийг гэрчлэх бөгөөд 10000 жилийн өмнө хүн суурьшиж байсан дархны газрын үлдэгдэл, “Төгрөгийн ширээ”, “Хавцгайтын хадны сүг зураг” зэрэг түүхийн хосгүй үнэт өвүүдээр дүүрэн газар юм. 


Дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, Хэрмэн цав


Өмнөговийн баруун захад Гурвантэс сумаас баруун хойш орших 10 гаруй километр үргэлжилдэг ганга юм. Адаг хэсэгтээ 10 километр өргөн, зарим газартаа 100-200 метр гүн байдаг. Холоос харахад их хотын балгас мэт харагддаг. Өмнөговь аймгийн болон Монгол Улсын 9 гайхамшгийн нэгд зүй ёсоор багтдаг, Монголын хамгийн том цав юм. Ойр орчиндоо хайлаас тоорой, сухай бүхий баян бүрдтэй үзэсгэлэнт нутаг юм. Хэрмэн цавын талбай нь 250 хавтгай дөрвөлжин километр бөгөөд эндээс эртний үлэг гүрвэл, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон олон зүйл ургамлын олдворыг нээн илрүүлсэн нь Монголын говийг дэлхийд үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой, тэдгээр нь бүтэн олддог дэлхийн шинжлэх ухаанд нэн чухал газар нутаг болохыг баталсан. Хэрмэн цав Даланзадгадаас 450 километр, Хонгорын элснээс 250 километр зайтай. Замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс зэрэг сонин сайхан газраар дайран аялна.,


Энергийн төв Дэмчогийн хийд


Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хийд бөгөөд Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамарын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд юм. Дэмчогийн хийд барих газрыг Пүрэв заасан гэлцдэг.

Говийн догшин ноён Хутагт Данзанравжаа энэхүү Дэмчогийн хийд буй газар нутагт ирээд Ханбогд хайрхны дэргэд 60 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “Энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ.

Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд гурван хийдийг байгуулжээ. Түүний нэг болох Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байжээ. Дэмчог гэдэг нь “дээд амгалан” хэмээх утгатай ажээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6 км зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулжээ. Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Дэмчогийн хийд хэмээх гурван хийд ...

Ноён хутагт Данзанравжаа Ханбогд уулыг шинжин үзээд “Энэ уулын эзэн нь цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй байна” хэмээгээд “Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд л шидийг олох юм байна” гэж айлджээ. Тэгээд Ханбогд уулын эзэн болсон сайхан бүсгүйд зориулан “Үлэмжийн чанар” дууг зохиожээ.

                                                                                                                                                                                   Б.Наранцэцэг

Related news