"Алтайн түмэн гайхамшиг" гэрэл зургийн үзэсгэлэнд 100 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-30 13:19:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Эв нэгдэл" гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулж буй "Алтайн түмэн гайхамшиг" гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт нээлээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 жилийн ойн хүрээнд гаргасан уг үзэсгэлэнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн гэрэл зурагчдын 100 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Иргэд, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгийг сурталчлах, гэрэл зурагчдын бүтээлүүдийг олон нийтэд таниулах зорилготой үзэсгэлэнд байгаль, ан амьтан, ургамал, нүүдэлчдийн ахуй амьрдалыг харуулсан уран бүтээлүүд, сонирхолтой үзмэрүүдийг тавьсан байна.

"Алтайн түмэн гайхамшиг" үзэсгэлэн дөрөв дэх аймагтаа хүрч байна. Үүнээс өмнө Увс, Говь-Алтай, Ховд аймагт зохион байгуулсан. Орон нутагт амьдарч байгаа 20 гаруй гэрэл зурагчны бүтээлүүдийг дэлгэсэн хамтарсан үзэсгэлэн гэдгээр энэ удаагийн ажил маань онцлогтой болж байна" хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Б.Мөнх-Зориг хэллээ.  

Гэрэл зургийн үзэсгэлэн зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.











Related news