"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн Хэрлэн суманд өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Хэрлэн суманд хэрэгжүүлэх нь сэдэвт сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга, Хэнтий аймагт "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар үг хэлж, ажлын амжилт хүслээ.
Зөвлөгөөнөөр
"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр "Хашаагаа хэрхэн зөв төлөвлөх, Орлоготой хашаа болгох",
"Ногоон харш" ХХК-ийн захирал, Биндэр сумын харьяат Ц.Баяр "Мод бут тарих аргачлал, үржүүлгийн талбай бий болгох, хашаандаа мод тарих" ,
"Жондоо гарден" ХХК-ийн захирал н.Цэцэгтуяа "Эко жорлонгийн шийдлүүд" сэдвээр тус тус сургалт хийж,
Хэнтий аймгийн Хаан банкны менежер Мөнхцэцэг "Ногоон зээл" -ийн талаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.
Мөн энэ үеэр аймгийн ХБТХОХэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал "Хэнтий аймагт 30 сая мод тарих" төлөвлөгөө, Хэрлэн
сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг
Хэрлэн суманд хэрэгжүүлэх" талаар мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөний туршид Хан Хэнтий чуулгын үүдний танхимд Хэрлэн сумын ногоочин, тариачин, цэцэг, цэцгийн үрсэлгээ борлуулдаг иргэд "Мандлын болон тасалгааны цэцэг, ногооны үр, хөрсний бордооны үзэсгэлэн худалдаа, зөвлөгөө зөвлөмж гаргажээ. Зөвлөгөөнд Хэрлэн сумын 6 багийн 370 гаруй иргэн ирж оролцсон бөгөөд ирсэн хүн бүрт сумын Засаг даргын уриалга ил захидал, цэцэг, зүлгийн үр бэлэглэж, хашаандаа сайхан амьдарч, "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэхийг уриалга болгов.