33 толгой адууг хил давуулан хулгайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-09 13:40:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар малын хулгайн 11 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 тохиолдол буюу 38 хувиар бага үзүүлэлт аж.

Малын хулгайн тохиолдлын тоо буурахад цагдаагийн байгууллагаас ард иргэд, холбогдох бусад байгууллага, малчдын бүлгүүдтэй хамтран зохион байгуулсан урьдчилан сэргийлэх ажлууд нөлөөлсөн хэмээн аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайтай тэмцэх тасгийн дарга Т.Ердос хэлэв.

Гэвч энэ жил хил дамнасан малын хулгай бүртгэгджээ. Тодруулж хэлбэл, Улаанхус сумын 3 дугаар багийн Хулжаа салаа хэмээх газраас 4 айл 33 толгой адуугаа  өнгөрсөн сарын 10-11-нд шилжих шөнө хулгайд алджээ. Тус газар нь Монгол, Оросын хилээс 5 км зайд оршдог аж.

Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой мэдээлэл өгсөн хүмүүсийг 5 хүртэлх сая төгрөгөөр урамшуулж, нэрийг нь чанд нууцална гэдгийг тэрээр онцлов.

Related news