Хүүхэд багачуудад гэр зуслангаар дамжуулан монгол ахуйг зааж сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Засагт ханы хот айл” гэр зусланг 18 суманд гурван ээлжээр ажиллуулахаар болжээ.
Хүүхэд багачуудын монгол ёс заншил, нүүдэлчин ахуй, өв уламжлалаа өвлөн авах, сурч мэдэх, амьдрах ухааны чадвартай, эх оронч сэтгэлгээтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор долоодугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд гурван ээлжээр 12-15 насны хүүхдүүд амрах боломжтой тухай холбогдох албанаас мэдээлэв.
Төв суурин газрын хүүхдүүд монгол ахуй соёлоосоо холдож, хот суурингийн ялгаа гарч мал, байгальтай харилцах харилцаанаас улам хөндийрөн даяаршиж буй өнөө цаг үед “Засагт ханы хот айл” гэр зусланг сум бүрт байгуулснаар хүүхдүүд зуны амралтаараа хөдөө амран монгол ахуй, соёлоосоо өвлөн амьдралын ухаанд суралцаж, нутаг ус ахан дүүсийнхээ түүх намтрыг судлан таньж, байгалийн сайханд цэвэр агаарт амрах боломжтой юм.
Тухайлбал, гэр зуслан бүрийг улс, аймгийн аварга малчин өрхүүдийг түшиглэн байгуулах бөгөөд хүүхдүүд монгол гэрээ барих, мал маллах, хариулах, мал саах, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, аарц ааруул хийх, сур элдэх, чөдөр ногт зангидах, мах эвдэх, утас ээрэх, дээс томох, дээл эсгэхээс эхлээд үндэсний уламжлалтай бүхнийг шимтэн суралцах ач холбогдолтой. Мөн эрүүл агаарт байгалийн үзэсгэлэнт газарт эрүүл шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж, чөлөөт цагаа зөв боловсон үр бүтээлтэй хүүхдэд ээлтэй орчинд өнгөрүүлэх боломжтой юм гэдгийг аймгийн ГБХЗХГ-аас онцлон танилцуулсан юм.
Говь-Алтай аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатарын санаачилгаар “Засагт ханы хот айл” гэр зусланг монгол ахуй, соёлд тулгуурлан байгалийн сайханд гэр хэлбэрээр байгуулан ажиллуулах санал 2015 онд гарч, зуслангийн үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд сүүлийн хоёр жил коронавирусний халдварын улмаас завсардаад байсан бол ийнхүү өнөө жил үйл ажиллагаа нь дахин сэргэж байна. Зусланд Говь-Алтай аймгийн хүүхэд багачууд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.