ШИЙДВЭР: Тархины саажилттай хүүхдийн хагалгааг дотооддоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-15 13:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уналт, таталт өгдөг хүүхдүүдийн эмийн төлбөрийг төр хариуцах шийдвэр энэ сард албан ёсоор хэрэгжиж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Уналт, таталт өгдөг хүүхдүүдийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгодог. Харин өнөөдөр Засгийн газар эмийн төлбөрийг төрөөс бүрэн хариуцах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ сардаа багтаан баталгаажуулснаар албан ёсоор хэрэгжинэ гэдгийг Эрүүл мэндийн сайд онцоллоо.


Тэрбээр, “Тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх үүрэг өгсөн. Эхний ээлжинд мэдрэлийн ёзоор тайрч таталт багасгах эмчилгээг дотооддоо хийдэг болохын төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг Энэтхэг болон Турк улсын холбогдох албаныхантай холбож, гэрээ байгуулж байгаа. Ингэхдээ гадаадын эмч нарын багийг эх орондаа авчирч хагалгаа хийлгэхдээ өөрийн багаа бэлтгэнэ гэсэн үг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүргэх шаардлагатай. Ингээд Сонсголонд байрладаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах, хөгжлийн төвд энэ үйлчилгээг цогцоор нь хүргэхээр шийдвэрлэж, ажлын баг гарган ажиллуулж байна” гэв.

Related news