Камбожийн Меконг голоос цэнгэг усны хамгийн том загас барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПНОМПЕНЬ. /BBC/. Камбожийн Меконг голд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр судалгаа хийж байсан эрдэмтэд 300 кг жинтэй "далайн муур" загас барьсан нь цэнгэг усны хамгийн том загас байжээ.
Өмнө нь 2005 онд Тайландад барьсан 293 кг жинтэй "далайн муур" загас нь цэнгэг усны хамгийн том загасаар тодорч байсан юм.
Одоогоор дэлхийн цэнгэг усны хамгийн том загасны албан ёсны бүртгэл, мэдээллийн сан байдаггүй байна.
Меконг гол нь биологийн төрөл зүйлээр баялаг боловч хэт их загас агнах, далан босгох, орчныг бохирдуулах зэрэг хүчин зүйлийн улмаас экосистемд сөргөөр нөлөөлж байна. Уг гол нь Төвөдийн өндөрлөгөөс Хятад, Мьянмар, Тайланд, Лаос, Камбож, Вьетнам улсуудаар дамжин урсдаг юм.
Энэ удаа баригдсан загас нь цэнгэг усны хамгийн том загас гэдгийг зургаан тивийн гол мөрөн, нуурын аварга загасыг 20 жилийн турш судалсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн биологич Зеб Хоган онцолсон байна.