Хөвсгөл аймгийн 19 сумын нутгийн 326,971 га талбайд ойн хөнөөлт шавж тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-21 17:28:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт ойн хөнөөлт шавжийн хэт олшролт 5-8 жилийн давтамжтай явагдаж байгаа бөгөөд энэ жил шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй их хэмжээгээр тархаж  ойд хөнөөл учруулж байна.

Сумдын байгаль хамгаалагч, ойн ангиудын хийсэн судалгаагаар 19 сумын нутагт нийт 326.971 га ойн талбайд 3 төрлийн ойн хөнөөлт шавж тархаж голомт үүссэн судалгаа гарчээ. Энэ нь сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулбал 54 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ойн хөнөөлт шавжид жил дараалан өртсөн ойн төлөв байдал доройтож хатаж хуурайшдаг. Иймд төсвийн тодотголоор ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд шаардлагатай хөрөнгийг тусгах шаардлагатай байгаа ажээ.



Ойн хөнөөлт шавж тархалтын байдлыг авч үзвэл Арбулаг 7486 га, Алаг-Эрдэнэ 16030 га, Баянзүрх 3216 га, Бүрэнтогтох 8078 га,  Галт 35000 га, Жаргалант 40000 га,  Цагаан-Уул 9000 га, Цэцэрлэг 3456 га, Шинэ-Идэр 9002 га, Улаан-Уул 3700 га, Хатгал 2843 га, Тосонцэнгэл 2000 га, Рашаант 20000га, Их-Уул 21200 га, Түнэл 15000 га, Тариалан 16800 га, Цагаан-Үүр 31964 га, Чандмань-Өндөр 32357 га, Эрдэнэбулган  49839 га ойн санд Якобсоны төөлүүрч, Шилмүүс хуйлагч, Өрөөсгөл хүр эрвээхэй  ойн хортон шавж тархсан байна.

 

Энэ онд орон нутгийн төсвөөр Эрдэнэбулган суманд 800 га талбайд улсын төсвөөр Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган суманд 25000 га талбайд өрөөсгөл хүр эрвээхэйн өндөгтэй тэмцэх ажил 7 дугаар сарын 25- наас эхэлнэ. Тус үйл ажиллагаанд аймгийн төсвөөс 25 сая төгрөг, улсын төсвөөс 1 тэрбум 174 сая төгрөг зарцуулахаар баталжээ.   

 

 

 

 

 

Related news