ДУНДГОВЬ: БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь албан айлчлал хийв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-23 12:18:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли Яньжюнь, Ерөнхий консулын газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Улаанбагана, атташе Б.Билигбадар нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Дундговь аймагт албан айлчлал хийлээ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын С.Од-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Ерөнхий Консул Ли Яньжюнь аймгийн Онцгой комисст 4400 ам.доллар, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7300 ам.доллар, ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч тэргүүлсэн 40 сурагчид зориулан 7300 ам.доллар буюу нийт 19000 ам.долларын хандив тусламжийг гардуулав.

Энэ үеэр аймгийн удирдлагуудын зүгээс Ерөнхий консулын газар, Дундговь аймаг хоорондын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Монгол, Хятад хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус Ерөнхий консулын газраас дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналаа уламжилж, Ерөнхий консул Ли Яньжюнь хоёр улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү саналыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Related news