Д.Тогтохсүрэн: АИ-92 бензиний үнийг тогтвортой байлгахыг Засгийн газарт чиглэл болгосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-04 13:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар газрын тосны болон хүний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын мэдээллийг сонсож, дөрвөн чиглэл өгсөн байна.


Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ, “Газрын тос болон хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх нь чухал гэж үзэж байгаа. Энэ бол нэн тэргүүний асуудал. Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний хангамж энэ онд тасалдахгүй гэдэг мэдээлэл өгсөн. Ер нь бол дизель түлшний үнийг барьж чадахгүй гэдгээ хоёрдугаар сард зарласан шүү дээ. Харин АИ-92 бензиний үнийг барихад Засгийн газар анхаарах хэрэгтэй. Учир нь Монгол Улсын нийт шатахуун хэрэглэгчийн 92 хувь энэ бензинийг хэрэглэдэг. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний хангамж, хил гааль, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарахыг чиглэл болголоо. Барилгын материал тэр дундаа цементийн үнийг тогтворжуулахад анхаарах чиглэл өгсөн” хэмээв.


Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны үнийн зөвлөлөөс АИ-92 бензиний үнийг 900 төгрөгөөр нэмэх санал гаргасан гэсэн?

- Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 1000 ам.доллароор өссөн. Гэхдээ АИ-92 бензиний үнийг нэг жилийн турш барина гэж энэ оны эхэнд шийдсэн. Тиймээс энэ бензины үнийг тогтвортой байлгахад анхаарах гэдэг чиглэл өгч байгаа юм. 

-УИХ-ын Хаврын ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлана. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа хэдэн хувийг хэлэлцээд байна вэ?

-Хаврын ээлжит чуулганыг энэ 7 хоногийн лхагва гарагт хаахаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж байгаа ч Засгийн газраас хууль, тогтоолын төсөл өргөн барьсаар байгаа.

-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл бий. Энэ үеэр шатахууны үнийн талаар яриа хэлэлцээ хийх үү?

-Хөрш улсдаа л айлчилж буй юм. Шатахууны талаар ярих асуудал байгаа болов уу л гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар шийдэлд хүрсэн бэ?

-Энэ талаар өнгөрсөн удаагийн бүлгийн хурлаар хэлэлцээд, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзсан уулзалтын дүнг нэгтгэх, дараагийн ажлын саналыг боловсруулах ажлын баг байгуулсан. Энэ ажил үргэлжилнэ. Ингээд тухай бүрд нь шийдэл гаргаад явна. 

Related news