ДУНДГОВЬ: С.Нандинтуяа: Ажил олгогч ч бай, иргэн ч бай чин сэтгэл л үнэхээр чухал санагдсан

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-05 19:20:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин иргэдийн амьжиргааг сайжруулах зорилго бүхий “Хамтдаа хөгжье” орон нутгийн санаачилгын төсөл Дундговь аймагт хэрэгжиж, төслийн оролцогч талуудад үр дүнгээ танилцуулжээ.

Төслийг аймгийн ХХҮГ-ын дэмжлэгтэйгээр Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөхийн баг хэрэгжүүлсэн бөгөөд тэдний зохион байгуулсан үйл ажиллагаа, үр дүнг тодруулахаар төслийн зохицуулагч С.Нандинтуяатай ярилцлаа.


-Төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн санаачилга нь дээрээсээ гардаг болохоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачилгын төсөл” гэсэн нэршил сонирхол татаж байна. Энэ тухай яриагаа эхэлье.

-Аймгийнхаа хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд, хэрэгцээгээ тодорхойлсны үндсэн дээр бид  2019 онд Дэлхийн банкнаас зарласан СТАРТ АПП уралдаанд оролцоод манай төсөл шалгарсан.

Тэгэхээр төслийн хэрэгцээ, шаардлага, санаачилга нь орон нутгаас гарсан болохоор л “Орон нутгийн санаачилгын төсөл” гээд байгаа юм.

-Төслийнхөө зорилго, зорилтыг танилцуулаач, хэрэгцээ шаардлага нь орон нутгаас гарсан гэхээр та бүхэн өөрсдөө судалгаа хийсэн үү?

-Ерөнхийдөө ХХҮГ-аас хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн төсөлд хоёр чиглэлийг авч үзсэн.

Нэгдүгээрт, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа иргэдийг тодруулж, хөдөлмөрт бэлтгэх, ажил хөдөлмөрт зуучлах, хэрэв шинээр бизнес эрхлэх болон бизнесээ өргөжүүлэх сонирхолтой иргэд байвал дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, орон нутгийн нөөц, боломжид түшиглэн, өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сонгон авч, асуудлыг шийдвэр гаргагчдад танилцуулж, нөлөөлөх явдал.

Мэдээж бид нар төслийн хугацаанд аймгийн хэмжээнд байгаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй бүх иргэнийг ажилтай орлоготой болгож чадахгүй. Энэ боломжгүй. Тэгэхээр төсөл маань ажилгүй иргэдийг ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой болгох жишиг, загварыг бий болгох л зорилготой юм.

Ер нь бол хүний анхдагч хэрэгцээ хангагдаж байж л хүн цаашаагаа хөгжих, нийгмийн амьдралд идэвхийлэн оролцох тэр хэрэгцээ нь үүснэ шүү дээ. Ажилгүй, бизнесгүй, орлогогүй байгаа тэр хүмүүс, тэр гэр бүлийн хувьд үнэхээр өдрийн хоолоо яаж олох вэ гэдэг нь л асуудал болохоор бид энэ асуудлыг чухалчилсан.

Тэгээд ч нийгмийн ажил үйлчилгээ нийгмийн бүх бүлгүүдэд хүрч байх ёстой. Тусламж хэрэгцээтэй байгаа бүх хүнд хүрч чадахгүй ч гэлээ цаашид ийм үйлчилгээг хэрхэн хүргэх тэр загварыг бий болгочихсон гэж бид зорьсон доо.

-Төслийг хэрэгжүүлсэн багийн хувьд ихээхэн сонирхол татлаа. Бүгдээрээ нийгмийн ажилтнууд байсан уу, төсөл хэрэгжүүлсэн стратеги нь юу байв?

-Төслийн хамгийн эхний бөгөөд хамгийн гол үйл ажиллагаа бол төслийг хэрэгжүүлэх багаа бэлтгэх, чадавхжуулах явдал байсан. Манай багийн хувьд нийгмийн ажилтан, багш, сэтгэл судлаач, зөвлөх багш нар нэг баг болсон учраас хүнтэй ажиллахад давуу тал болсон гэж болно.

Бид 14-үүлээ нэгдээд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөх”-өөр бэлтгэгдсэн. Тус тусдаа үндсэн ажил эрхэлдэг бидний хувьд нэлээн шахуу хугацаанд, ихээхэн  хүнд ачааг үүрч, ажлын бус цагаар ажилласан.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөх бэлтгэх сургалтыг “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-аас зохион байгуулж, бид нар шалгалт өгсний үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх авсан юм. Анх 16 хүн сургалтад оролцож, 14 нь тэнцсэн гэсэн үг.

Нэгэнт үйлчилгээ үзүүлэх эрх авсан бидний хувьд ажлаа хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй байгаа гишүүнтэй зорилтот бүлгийн өрхийн судалгааг хийхээс л эхэлсэн. Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 120 өрхөөр орж, нөхцөл байдлын үнэлгээг хийснээр 30 өрхийг ажлын хэсгээрээ хэлэлцэн сонгож аваад тэдгээр өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан үйлчилгээг үзүүлсэн.

Өөрөөр хэлбэл, тухайн хүн маань ямар мэргэжилтэй, ямар чадамжтай, ажлын туршлага нь юу байна, сонирхол, хүсэл эрмэлзэл, өөрийгөө илэрхийлэх чадвар гээд маш олон зүйлийг тодорхойлж, тэр хүнийг сэтгэл санааны хувьд бэлтгэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, түүний дараа хаана тэр хүний ажиллах салбар, ажлын байр байна түүнийг судалж, хооронд нь зуучилсан гэсэн үг юм.  

Түүний үр дүнд 19 иргэн байнгын, 1 иргэн түр ажлын байранд гэрээ байгуулан ажиллаж байна.

-30 хүнээсээ 20 хүнийг нь ажилтай болгосон гэдэг маань үнэхээр үр дүнтэй ажил болжээ. Харин үлдсэн 10 хүнд ямар үйлчилгээ үзүүлсэн бэ?

-10 иргэнээ чадавхжуулах сургалт, чадавхжуулах үйл ажиллагаанд хамруулж, ХХҮГ-ын санхүүгийн дэмжлэгт хамруулсан. Мэдээж, ХХҮГ-ын хэрэгжүүлж байгаа төсөл юм чинь энэ хүмүүсийг дэмж гэсэн байдлаар биш, энэ хүмүүсийг төсөл бичих чадвартай болгож, төслийг бичүүлж, сонгон шалгаруулалтад оруулах замаар л дэмжлэг үзүүлсэн.

Түүнээс гадна эдгээр 30 өрхийн нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлж, бусад байгууллагад холбон зуучилж нийгмийн ажлын үйлчилгээнд хамруулсан. Тухайлбал, эрүүл мэндийн үзлэгт оруулах, бичиг баримттай болгох, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад холбож өгөх гэх мэт үйлчилгээг үзүүлсэн нь энэ хүмүүст маш их хэрэгцээтэй байсан.

-Төслийн хоёр дахь чиглэл нь өртгийн сүлжээг хөгжүүлэх асуудал байсан. Яагаад заавал хүнсний ногооны өртгийн сүлжээг сонгож авсан юм бэ?

Өнөөдөр хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал чухлаар тавигдаж байна. Манай аймгийн хөрсөнд ургуулсан хүнсний ногооны амт, чанар маш сайн байдаг. Гэхдээ зах зээлээ төдийлөн хангаж чадахгүй байх шиг санагддаг. Тиймээс бид багаараа ярилцаад энэ чиглэлийг сонгон авч, зах зээлийн судалгаа хийсэн юм.

Судалгаагаар зах зээлийн эрэлт, хэрэгцээ их байгаа бөгөөд манай ногоочид түүнийг хангаж чадахгүй байна гэдгийг тодорхойлсон. Мөн тариаланчдад тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг ч гаргаж ирсэн байдаг.

Судалгааны үндсэн дээр “Аймгийн ногоочдын анхдугаар уулзалт”-ыг зохион байгуулж, тариаланчдын тулгамдсан асуудлыг шийдвэр гаргачид, удирдлагуудад хүргэж чадсан нь энэ ажлын голд үр дүн байсан гэж бодож байгаа.

Түүнчлэн хүнсний нарийн ногоо тариалах хүсэлтэй иргэд нэгдэж, 2 хоршоо байгуулсан. Бидний зүгээс мөн дэмжлэг үзүүлж, чадавхийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Хоршоо болж ажиллах бүлгүүдийг туршлага судлах сургалт,аялалд хамруулж, туршлага судлуулсан нь ихээхэн үр дүнтэй байсан гэж дүгнэж байна.

-Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл байсан бэ, мөн ямар сайхан мэдрэмжүүдийг авч байв?

-Бэрхшээл байсан шүү. Цаг хугацааны хувьд төсөл маань 2019 онд хэрэгжиж эхлэх байтал ковид гарч, бидний ажил эхлээд л зогсчихсон. Тэгээд 2021 оны сүүлээр л хэрэгжүүлж дууслаа шүү дээ.

Зарим нэг байгууллага, ажил олгогч нарын хувьд харилцааны асуудал байсан. Ажил хайж орж ирж байгаа хүмүүсийн чадварыг ухаж, ойлголгүй гадна байдлаар нь хандах тохиолдол байдаг юм байна гэж бодсон. Мэдээж ажилгүй гэртээ удаан суучихсан хүний хувьд өөрийгөө төдийлөн сайн илэрхийлж чадахгүй л байгаа шүү дээ. Тиймээс харилцаан дээр анхаарах нь чухал санагдаж байлаа.

Сайхан мэдрэмжүүд бол бэрхшээлээсээ олон байсан. Маш сайхан хүлээж аваад, дэмжээд, бидний зуучилсан хүмүүсийг ажилд аваад, хамт олон дундаа оруулж байгааг харах үнэхээрийн маш сайхан мэдрэмж байсан. Би 2 дугаар сургуулийн захирал Г.Мягмарсүрэн багшийг бүр онцолмоор байна. Маш сайхан хүлээж авсан. Багш мэргэжилтэй манай үйлчлүүлэгчийг ажилд аваад багшаар ажиллуулж байгаа. Хүний төлөө гаргасан сэтгэл бүхэн үнэтэй байдаг юм байна лээ.

-Цаашид ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд юуг анхаарах вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн түвшинд, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах, иргэдийн онцлог, хэрэгцээг тодорхойлж мэдрэмжтэй, мэргэжлийн хандлагаар харилцах арга зүйг хэвшүүлэх, иргэдийн хувийн ур чадварыг нэмэгдүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг системтэйгээр зохион байгуулах хэрэгцээтэй юм байна гэж дүгнэж байгаа. Дээр нь ажил олгогч ч бай, иргэн ч бай чин сэтгэл л үнэхээр чухал санагдлаа.

-Өөр нэмж хэлэх зүйл юу байна вэ?

-Анх төсөл дээр ажиллах саналыг аваад үнэндээ эргэлзсэн. Хамгийн гайхширмаар нь миний ажиллах, туслах хүмүүст яг энэ зүйлс тохиолдох байх гэсэн бодол төрж, тиймээс л чаддаг, мэддэг зүйлээ ямар нэг хэмжээгээр хэн нэгэнд хүргэж ажиллая, тусалъя гээд шийдвэрээ гаргаж байсан.

Их сайхан баг, хамт олны хүчээр л төслөө дуусгаж чадсан даа. Өнгөрсөн хугацааг эргээд бодоход 11 сарын турш ажлын 242 өдөр,1936 ажлын цагийг төсөлдөө ямар нэг хэмжээгээр зарцуулсан байна лээ.

Миний хувьд энэ цаг хугацаанд маш их зүйлийг сурч, их ч туршлага хуримтлуулжээ. ХХҮГ-ын хамт олон, багш нар, төслийн багийнхандаа маш их баярлаж байна. Мөн оролцогчид, хамтрагчдадаа ч чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Бүгдийнх нь ажил, амьдралд сайн, сайхан бүхнийг хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Related news