БУЛГАН: Аймгийн баяр наадамд 650 гаруй шандаст хурдан хүлэг уралдлаа

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-11 22:29:45

Булган /МОНЦАМЭ/ Монголын Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Булган аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд 650 гаруй хүлэг хурдаа сорилоо. Аймгийн баяр наадамд 76 азарга хурдалснаас Баян-Агт сумын уугуул аймгийн алдарт уяач Н.Уламбаярын Халиун түрүүлж, Хутаг-Өндөр сумын уяач А.Цэцэнгоогийн зээрд аман хүзүүнд давхиж, мөн сумын уяач П.Баттөрийн алаг, Тэшиг сумын уяач Х.Аззаяагийн хонгор, Дашинчилэн сумын уяач Д.Галбадрахын бор айрагдлаа.

Хурдан их насны морьдоос Орхон сумын алдарт уяач Х.Баасанжаргалын хээр түрүүлэн, Хутаг-Өндөр сумын уяач Д.Жаргалсайханы хүрэн халзан аман хүзүүдэж, Баян-Агт сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Бямбадоржийн янзага буурал, Хутаг-Өндөр сумын уяач Б.Ариун-Эрдэнийн хул,  Баяннуур сумын уяач С.Манлайбаатарын хул айргийн тавд давхилаа.

Баяр наадамд 74 соёолон тоосоо өргөснөөс Хутаг-Өндөр сумын алдарт уяач Ч.Дандарын хээр түрүү магнайд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Хуягбатын хонгор аман хүзүүнд, Хутаг-Өндөр сумын алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн хул, Тэшиг сумын алдарт уяач Б.Мөнгөнхуягийн шөвгөр хээр, Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Л.Амартүвшингийн мөнгөн хошуут хар айргийн тавд хурдаллаа.

Зуун хязаалан уралдснаас Хутаг-Өндөр сумын уяач Б.Ариун-Эрдэнийн бор халзан түрүүлж, мөн сумын уяач Ш.Даваажамцын хүрэн аман хүзүүдэж, Дашинчилэн сумын алдарт уяач Ц.Батсайханы хээр, Хишиг-Өндөр сумын уяач М.Энхтайваны хул, Хутаг-Өндөр сумын уяач В.Амарсанаагийн хул айрагдлаа.

Хурдан шүдлэн насны морьдоос Хутаг-Өндөр сумын уяач Т.Баттөмөрийн хурандаа шарга түрүүлж, Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын хонгор аман хүзүүнд, Хутаг-Өндөр сумын алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн хонгор, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Ш.Энхдүүрэнгийн хүрэн, Баян-Агт сумын уяач Б.Үүрийнтуяагийн хүрэн халзан айргийн тавд давхисан байна.

Хурдан дааганы уралдаанд 73 хүлэг гараанаас гарснаас Хутаг-Өндөр сумын уяач Б.Лхагвадоржийн од хүрэн түрүүлэн, мөн сумын уяач Б.Гантулгын хээр аман хүзүү, Бугат сумын алдарт уяач О.Алтанхуягийн хүрэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Э.Даваасүрэнгийн буурал,  Бугат сумын уяач Б.Гүндалайгийн үзмэн бор даага айрагдлаа. Бугат сумын уяач Н.Ганбаярын бор халзан даага энэ жилийн баян ходоод болж цолоо дуудууллаа.

Related news