ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг сум, Алтай хотын 80 жилийн ойн баяр наадам энэ сарын 27, 28-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Алтай хотын түүхт 80 жилийн ойн баяр наадам энэ сарын 27, 28-нд болно.
Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас эхлэн Алтай хотын суурь тавигдаж, 1942 онд 127 өрх 374 иргэнтэйгээр Есөнбулаг хот байгуулагдсан түүхтэй. Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошуу байжээ.
-1961 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Есөнбулаг хотыг Алтай хот гэж нэрлэх болсон.
-1994 онд МУ-ын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуулийн дагуу УИХ-ын 33-р тогтоолоор Алтай хот нь Есөнбулаг сум болжээ.
-1995 онд УИХ-ын 25-р тогтоолоор Тайшир сумын Наран, Рашаант багууд Есөнбулаг сумд нэгдэж, 216.1 га нутаг дэвсгэртэй болж өргөжжээ. Ингэснээр төвийн 4 баг, хөдөөгийн 2 багтай болсон.
-2015 онд Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 44-р тогтоолоор
-Баянхайрхан баг нь Баянхайрхан, Жинст баг
-Баяншанд баг нь Баяншанд, Индэрт баг
-Жаргалант баг нь Жаргалант, Түмэн баг
-Харзат баг нь Харзат, Оргил баг болж хуваагдсанаар төвийн 8 баг, хөдөөгийн 2 багтай болж, засаг захиргааны нэгж 10 багтай болжээ. Одоогоор тус сумд 5285 өрхөд 18867 хүн ам оршин сууж байна.