Б.Жавхлан: Манай улсад дефольт болох нөхцөл үүсээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-08-03 15:38:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулав.


Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ажлын хэсэг өнөөдрийг хүртэл өмнөх Засгийн газруудаас гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах юм гэдгийг онцлов. Мөн манай улсад үүссэн өр, бондуудын зарцуулалт нь өнөөдөр зохион байгуулалттайгаар дефольт хэмээн хаяглан гаргаад буй цуу яриа бүхий асуудалтай шууд холбоотойг учирлав.


Монгол Улсад, Монгол Улсын Засгийн газрын хувьд ойрын хугацаанд, тодруулбал, ойрын 3 жилд өр, зээлтэй холбоотой ямар ч дефольт зарлах нөхцөл байдал үүсээгүй, тийм нөхцөл байдал гараагүй гэдгийг албан ёсоор мэдээлж буйг тэрбээр онцлон мэдэгдлээ.


Өнөөдрийг хүртэл, 2012 оноос хойш манай улсын Засгийн газар нийт 7 удаа бонд гаргаж иржээ. Үүнд:

  • Эхнийх буюу 2012 оны 12 дугаар сард 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг гаргасан,
  • 2015 оны 6 дугаар сард “Димсам” бонд гаргасан,
  • 2016 оны 4 дүгээр сард “Мазаалай” бондыг гаргажээ. Нийт  2.2 тэрбум ам.долларын бонд гаргажээ.

Үүнээс хойш буюу 2016-2021 онд 4 төрлийн буюу 2017 онд “Хуралдай” болон “Гэрэгэ” бонд, 2020 онд “Номад”, өнгөрсөн онд “Сентури” бондыг тус тус гаргажээ. Нийт 3 тэрбум ам.долларын бонд гаргасан байна. Ингэснээр нийт 7 бондын 5.2 тэрбум ам.долларын бонд гарчээ. Эдгээрээс зөвхөн, хамгийн анхны “Чингис” бондын хөрөнгөөр төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Түүний дараах 2 бонд нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан, 2016-2020 онд гарсан 4 бонд нь дандаа өмнөх бондын өрүүдийг төлсөн, ийм зээлийн зохицуулалттай явж ирсэн хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн бага хурлын үеэр тодотголоо. 



Related news