Их Британид 100 мянга гаруй хэрэглэгч хий, цахилгааны төлбөрөө төлөхгүй гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-08-12 11:50:50

ЛОНДОН. /The Times/. Их Британийн 100 мянга гаруй иргэн цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газар арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэн 10 дугаар сараас эхлэн хий, цахилгааны төлбөрөө төлөхгүй гэдгээ мэдэгджээ.


Энэ талаар “Don't Pay UK” олон нийтийн кампанит ажлын зохион байгуулагчид мэдээлсэн байна. 


"Хэдхэн долоо хоногийн дотор орон даяар манай хөдөлгөөнд 100 мянга гаруй хүн нэгдлээ. Бид эрчим хүчний компаниудын ашгийг төлөхийг хүсэхгүй байна" гэж зургаадугаар сард эхлүүлсэн кампанит ажлыг санаачлагчид мэдэгджээ. Зохион байгуулагчид өмнө нь мэдэгдэхдээ, 10 дугаар сарын 1 гэхэд 1 сая гаруй британичууд эсэргүүцэлд нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд л “Don't Pay UK” кампанит ажлыг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж онцолсон байна. 


Дэлхийн зах зээлд байгалийн хийн үнэ өссөнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 1-нд Их Британид цахилгаан эрчим хүчний үнийн дээд хязгаарыг нэмсэн бөгөөд үүний дараа цахилгаан, хийн аль алиныг хэрэглэдэг Британийн өрхийн жилийн дундаж төлбөр 54 хувиар өсөж, 1.97 мянган фунт стерлинг (2.4 мянган ам.доллар) болжээ. Намар гэхэд энэ үзүүлэлт 2.75-3 мянган фунт стерлинг (3.3-3.6 мянган ам.доллар) хүрэхийг Их Британийн эрчим хүчний зохицуулагч байгууллага үгүйсгээгүй байна. Харин хараат бус шинжээчид 5 мянган фунт стерлинг (6 мянган ам. доллар) болж өснө гэж таамаглаж байна.


Үүнтэй холбогдуулан “The Guardian” сонинд, Их Британи "эрчим хүчний ангал руу явж байна" гэж бичсэн байна. Харин “The Daily Telegraph” тус улсын "эвдэрсэн эдийн засгийн тогтолцоог" онцолжээ.


Related news