Антарктидын мөсөн бүрхүүлийн хайлах явцын талаар анхааруулжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-08-12 16:27:46

КАНБЕРРА. /VOA/. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн Антарктидын мөсөн бүрхүүл хайлж, улмаар далайн түвшин 5 хүртэлх метрээр нэмэгдэж болзошгүйг Австрали тэргүүтэй олон улсын судлаачид анхааруулжээ. 


“Nature” шинжлэх ухааны сэтгүүлд пүрэв гарагт нийтлүүлсэн энэхүү судалгаа нь дэлхийн улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрээр тохиролцсончлон дэлхийн дулаарлыг хязгаарлаж чадахгүй тохиолдолд ямар үр дагаварт хүрч болохыг сануулсан өөр нэгэн хатуу анхааруулга болж байна. 


Судалгаагаар Зүүн Антарктидын дэлхийн хамгийн том мөсөн бүрхүүл хайлах нь далайн түвшин огцом нэмэгдэхэд хүргэж болзошгүй ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр түүнээс зайлсхийх боломжтой гэж үзжээ. 


Зүүн Антарктидын мөсөн бүрхүүл нь дэлхийн мөсөн голын мөсний дийлэнх хувийг эзэлдэг. Иймээс энэ бүрхүүл хайлснаар далайн түвшин үлэмж хэмжээгээр нэмэгдэх тул “унтаж буй аварга биет”-ийг сэрээхгүй байх хэрэгтэй хэмээн судлаачид тайлбарлан бичжээ. 


Энэхүү мөсөн бүрхүүлийг Баруун Антарктид, Гринландын мөсөн бүрхүүлтэй харьцуулахад тогтвортой, дэлхий дулааралд бага өртөмтгий гэж үздэг. Гэсэн хэдий ч судлаачид уг мөсөн бүрхүүл өөрчлөгдөж буй уур амьсгалд өртөмтгий болж буй байдал ажиглагдаж байгааг тэмдэглэжээ. 


Судалгааны ахлагчдын нэг, Австралийн Үндэсний их сургуулийн профессор Нериле Абрамын хэлснээр, Зүүн Антарктидын мөсөн бүрхүүл хайлах нь гамшигт үр дагавартай. “2500 он гэхэд Зүүн Антарктид далайн түвшинг 5 хүртэлх метрээр нэмэгдүүлж болзошгүй. Энэ нь дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтод хүрэхийн төлөө чадах бүхнээ хийх шаардлагатайг харуулсан бас нэгэн шалтгаан боллоо” гэж тэрбээр ярьжээ. 


Дэлхийн улс орнууд 2015 онд Францын нийслэл Парис хотноо тохиролцсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудыг биелүүлэх нь туйлын ач холбогдолтой болохыг эрдэмтэд цохон тэмдэглэсээр байна. Энэхүү хэлэлцээр нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхийн бараг бүх улс орныг анх удаа нэгэн тохиролцоонд хүргэсэн юм. “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгаанд Австралийн Үндэсний их сургууль, Австралийн Антарктид судлалын төв болон Их Британи, АНУ, Францын судлаачид оролцжээ.

Related news