АНУ-д сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 15 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-08-24 12:14:21

ВАШИНГТОН. /US News/. АНУ-д сармагчны цэцэг өвчний 15 400 гаруй тохиолдол илрээд байгаа талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 


Энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-ын Калифорни, Техас, Флорида, Жеоржиа, Нью-Йорк, Иллинойс муж улсад хамгийн олон тохиолдол илэрсэн байна.


Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-д сармагчны цэцгийн өвчлөл бусад орнуудтай харьцуулахад хамгийн ихээр нэмэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлэл харуулжээ.


Харин дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад буурчээ. Халдвар хамгийн их тархсан 10 орныг дурдвал, АНУ, Испани, Бразил, Герман, Их Британи, Франц, Канад, Нидерланд, Перу, Португал багтаж байна.


ДЭМБ сармагчны цэцгийн дэлхий нийтийн эрүүл мэндэд учруулах эрсдэлийг дунд гэж дүгнэж байна. Энэ өвчин нь ижил хүйстэн эрчүүдийн дунд голчлон тархаж байгаа боловч хэн ч халдвар авах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Халдвар авсан тохиолдолд арьсан дээр тууралт гарах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.


ДЭМБ-ын мэргэжилтнүүд сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөхөөр нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд шинээр илэрсэн вируснүүд, тэдгээртэй холбоотой халдварт өвчин, вирусний хувилбаруудад нэр оноохдоо сайтар анхаарах хэрэгтэйг тус байгууллагын хэвлэлийн мэдэгдэлд онцолжээ.


Тухайлбал, Бразилд сармагчнууд руу халдсан олон тохиолдол бүртгэгдэх болсон нь ДЭМБ-ыг вирусний халдвартай холбогдуулан амьтдыг бэртээж гэмтээхгүй байхыг сэрэмжлүүлэхэд хүргэжээ. Уг вирусийг 1958 онд Данийн нэгэн лабораторид сармагчнуудаас илрүүлснээс үүдэн ийнхүү нэрлэсэн ч өөр амьтдад, түүний дунд мэрэгч амьтдаас түлхүү илэрдэг байна. 

Related news