ГОВЬ-АЛТАЙ: “Хавдаргүй монгол эмэгтэй” зорилтот төсөл бүх суманд хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл есдүгээр сарын 8-наас эхлэн Говь-Алтай аймгийн бүх суманд хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хүсэлтээр есдүгээр сарын 8-наас эхлэн хэрэгжинэ. Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг умайн хүзүүний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгох юм.
Төслийн нээлт есдүгээр сарын 8-ны 19.00 цагт Алтай чуулгад болох бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх нар албаны бусад хүмүүсийн хамт оролцох аж.
Иймд Алтай нутгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн цогц арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг холбогдох албанаас уриаллаа.