ЗАВХАН: 24 суманд соёлын нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-14 16:57:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн соёлын ажилтнуудын тавдугаар чуулган болж үндэсний бахархал, монгол өв соёлыг сурталчлан таниулах ажлыг сар бүр тогтмол зохион байгуулахаар болжээ.

Завхан аймгийн 24 суманд соёлын төв, номын сан, музей болон соёлын салбарт 230 гаруй хүн ажиллаж байна. Аймгийн соёлын салбарт ажиллаж байгаа ажилтнууд Алдархаан суманд "Хандлагаа өөрчилье, хамтдаа бүтээцгээе" уриан дор чуулж 150 гаруй соёл, урлагийн байгууллагын ажилтнууд оролцлоо. 

Чуулганы хүрээнд соёлын ажилтнуудыг чадавхжуулах, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг нь бэхжүүлэх зорилгоор сургалт, мэдээлэл өглөө. Мөн соёл урлагийн ажилтнуудын дунд тусгай хөтөлбөрийн дагуу дуу, шүлгийн буухиа уралдааныг явуулж, салбартаа амжилттай ажиллаж байгаа соёлын байгууллагуудын ажилтнуудыг шагнаж урамшуулсан байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны Хүндэт жуух бичгээр Тосонцэнгэл сумын Соёлын төвийн ажилтан П.Нарангоо, Г.Болортуяа нар, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр С.Отгонбат нар шагнууллаа.

Харин Завхан аймгийн Соёл урлагийн салбарын тэргүүн шагнал "Соёл-Эрдэнэ" тэмдгээр Түдэвтэй сумын Соёлын төвийн дарга Б.Отгонбаатар шагнуулав. Мөн үеэр Завхан аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Түдэвтэй, Тэлмэн, Сантмаргаз, Тэс сум дахь Хилийн цэргийн 0277-р ангийн Соёлын төвүүдэд 40,0 сая төгрөгийн хөгжим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Монгол өв соёлоо сар бүр сурталчилна

Завхан аймгийн соёлын ажилтны чуулганаас гаргасан нэг чухал шийдвэр нь “Үндэсний бахархал, Монгол өв соёл” үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог хангах уриалга байв.

Үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлуулахад олон нийтийн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай, хангалттай төсвийг батлуулах нь ч зөв гэж соёлын ажилтнууд зөвлөлдлөө. Улмаар үндэсний бахархал, өв соёлоо сум бүртээ сард нэг удаа иргэдэд сурталчлах, уламжлуулах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг болно гэж санал нэгдлээ. Мөн чуулганаас сумдын соёлын төвийн бүжгийн багшийн орон тоог нэмэх нь чухал гэж үзэв.  “Музей техникийн ажилтан” албан тушаалын нэрийг “Соёлын өв хариуцсан ажилтан” гэж өөрчлөх. Соёлын байгууллагуудын барилгын засвар, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Соёл урлагийн ажилтнуудын мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй болох гэхчлэн саналуудыг гаргаж харьяа яаманд уламжлахаар боллоо.


Түүнчлэн Соёл урлагийн их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежтой хамтран мэргэжил эзэмшүүлэх болон чадавхжуулах богино хугацааны сургалтыг соёлын ажилтнуудын дунд зохион байгуулах. 

Сум бүр соёлын нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож сурталчлах. Тосонцэнгэл сумын соёлын төвийг Соёлын ордон болгох. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, цахим соёлын үйлчилгээний талаарх сургалт, мэдээллийг мэргэжлийн төв байгууллагаас авах. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд сум бүр санаачилгатай ажиллах, соёл урлагийн байгууллагуудын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэхчлэн асуудлуудыг шийдвэрлэхээр болж дээд шатны байгууллагуудад хүргүүлээд байна.

Тавдугаар чуулганаас гаргасан гол уриалга нь соёл урлагийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй болох. Соёл урлагийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжил олгох сургалтад үе шаттай хамруулж мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангах. Сум бүр соёлын нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг 2023 он гэхэд бий болгож хэвшүүлэх. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд соёлын салбарууд хамтран идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. 


Related news