ЗАВХАН: Түймрийг унтраахаар дайчлагдсан иргэдийг буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-14 18:22:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Баянтэс суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ.

Баянтэс сумын нутаг, Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар 9-р сарын 8-ны өдөр гарсан ойн түймрийг 13-ны өдрийн 18.00 цагт цурамд оруулжээ. Өчигдөр, Онцгой байдлын алба хаагчид болон мэргэжлийн ангиуд гурван бүлэг болж түймрийг бүрэн унтраахаар ажилласан. Түймрийг унтраах ажиллагаанд дайчлагдан ирсэн Завханы Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Баянхайрхан, Асгат сумын нийт 143 хүнийг түймрийн голомтоос буулгалаа. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын алба хаагчид ойд чөлөө үүсгэх зурвас татах, цэвэрлэх ажиллагааг явуулж байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан байна. Түймэр гарсан шалтгааныг тодруулах ажиллагааг явуулж байгаа. Жил бүрийн хавар, намар буюу хуурайшилтын зэрэг өндөр байдаг гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл хугацаанд түймэр гарах эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байдаг.

Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилтын гуравдугаар зэрэг буюу гал түймрийн аюултай түвшинд байгаа. Олон жилийн мэдээллээс үзэхэд, манай орны хувьд жилд гардаг нийт түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, 5-8 хувь нь аянга, цахилгаан, бусад шалтгаанаас үүдэлтэй байдаг байна.

Түймэр гарах магадлал өндөртэй хугацаа тодорхой, дийлэнх тохиолдолд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаагаас үзэхэд ойн түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Иймд хуурайшилтын үед ойд зугаалж, өөрийгөө болон хүрээлэн буй орчноо эрсдэлд оруулахгүй байхыг иргэдээс уриалж, санамсар болгоомжгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна гэж Завханы Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Related news