ЗАВХАН: Ойн түймэр маш их хэмжээний хохирол учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-20 17:17:00

Завхан/МОНЦАМЭ/. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд хуурайшилт их байгаа газруудад аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.


Баянтэс сумын нутагт энэ сарын 8-ны өдөр гарсан ой хээрийн түймэрт Цагаан гол, Хайчийн даваа, Баян хөндий болон ОХУ-ын Тува улсын хилийн бүс давж гарсан түймрийн улмаас 10 мянган га талбай шатсан.

Түймрийн улмаас байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Түймрийн улмаас ой мод шатахаас гадна, түүнийг унтраахад маш их хэмжээний зардал гарч төлөвлөөгүй хохирлыг амсдаг. Өнөөдрийн байдлаар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд хуурайшилтын 3-р зэрэг буюу түймрийн нэн аюултай түвшинд байгаа.

Тиймээс иргэд та бүхнийг ойн сан бүхий газар нутгаас самар жимс түүхгүй байх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраахыг уриалж байна. Сануулж байна, ой хээрийн түймрээс сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэв.  


Мөн Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг.



Харин Монгол орны ойрхог чанар найман хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээр Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог. Тиймээс Монгол Улсын ойн сангийн тодорхой хувийг эзэлж байгаа үнэт өв болсон ойг хамгаалах, болзошгүй гамшгаас хамгаалахад иргэн бүр анхаарал болгоомжтой байх нь зүйтэй.

Тус аймаг жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг. Өнгөрсөн жил гэхэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 28 га, улсын төсвийн хөрөнгөөр 80 га, ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр 64.8 га нийт 172.8 га талбайд ойжуулалтын ажлыг хийсэн байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 200 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил, улсын төсвийн хөрөнгөөр 10 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг хийжээ.


Нэг л хүний буруутай үйл ажиллагаа маш их хохирол учруулж байна

Ой хээрийн түймрийн улмаас жилд дэлхийн ойн сангийн нэг хувь устдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд ой модны нөөцийн тал хувь нь сүүлийн 30 жилд устаж үгүй болсон. Иймээс ой хээрийн түймэр нь олон улсын түвшинд яригддаг томоохон эрсдэл юм. Үүсгэгч хүчин зүйлсийн хувьд аянга буух, галт уул дэлбэрэх, мод хоорондоо шүргэлцэх, сансар огторгуйн биет газарт унах, хүний санаатай болон санамсаргүй үйлдэл гэх мэт олон шалтгаан бий.

Ой хээрийн түймрийн гарах шалтгаанд байгаль цаг уурын нөхцөл байдлаас гадна хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг бөгөөд саяхан Баянтэс суманд гарсан ой хээрийн түймэр ч мөн адил нэг л хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан.

Манай орны газарзүйн онцлогоос шалтгаалж жилийн хур тунадасны хэмжээ бага, хавар намрын улиралд хуурайшилт их байдаг учир иргэдийн сонор сэрэмжгүй, хайнга үйлдэл асар их хохирлыг дагуулж байна.

Завхан аймгийн тухайд энэ жил хуурайшилтын зэрэг өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байтал иргэд болгоомжгүй үйлдэл гаргасаар байгаа нь харамсалтай юм. Түймрийн хамгийн том хөнөөл унтарсны дараа эхэлдэг. Тухайлбал, ан амьтдын амьд үлдсэн цөөхөн хэд нь түймрийн дараа үүр, хүнс, амьдрах орчингүйгээс болж ихэд туйлддаг аж.

Учир нь тухайн байгалийн уугуул амьтдын идээшиж дассан хүнс, бэлчээр, ус, үүр, нуувч гээд бүх зүйл галд шатсан байдаг. Энэ бүхэн эргэн сэргэж, амьтад эргээд хэвийн амьдралдаа ороход дор хаяж хэдэн жил шаардлагатай байдаг. Байгаль экологид хор хохирол учруулаад зогсохгүй улсад маш их хэмжээний хохирол үзүүлж байгаа ойн түймрээс урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Related news