ХОВД: Хүүхдүүд байгалийн дурсгалт газар, үйлдвэртэй танилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын наймдугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд 27 багш, ажилтан, долоон бүлэгт 200 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус хамт олон хүүхэд багачуудыг хөгжүүлэх, угсаатан бүрийн ёс заншил, өв соёл, эх түүхийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хадгалан хамгаалах, даган дууриах, дээдлэх хүмүүжил, төлөвшлийг бий болгох зорилгоор “Бид Ховдын хүүхдүүд” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, хүүхэд багачууд сурч, эзэмшсэн зүйлсээ өнөөдөр тайлагнаж, өв соёлоо түгээн дэлгэрүүллээ.
Ховд аймагт халх, дөрвөд, казах гээд 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна.
Тус цэцэрлэг эдгээр угсаатны онцлогийг харуулсан анги танхимын тохижилт хийсэн бөгөөд үндэсний тоглоом наадгай, нутгийн дуу, хөгжмийн зэмсэг, хувцас эдлэл хэрэглэлийн талаар хүүхэд багачуудад танилцуулж, шинэ мэдлэг олгож буй.
“Чадварлаг багш, оюутан, сурагч” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Бид Ховдын хүүхдүүд” аяны үйл ажиллагаа Жаргалант сумын Наймдугаар цэцэрлэг дээр ийнхүү амжилттай үргэлжилж байна.
Ховдын дурсгалт газар, үйлдвэрлэлтэй хүүхдүүдийг
танилцуулах, сурын харваа, угсаатны
бүжиг, дуу, аман ярианы тэмцээн өрнүүлэх зэрэг хичээл хөгжүүлэх үйл ажиллагааг
тогтмол зохион байгуулж байна гэж багш нар онцоллоо.