БУЛГАН: Хүйс толгойн гэрэлт хөшөөний загварыг Могод суманд босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-04 12:07:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод сумын төвд Хүйс толгойн бичээс бүхий гэрэлт хөшөөний загварыг заллаа.

“Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун “Энэ хөшөөг 55 жилийн өмнө эх нутгаас нь авч явсан. Өнөөдөр хуулбарыг нь босгож байна. Монгол бичгийн хамгийн эртний дурсгалын нэг юм. Тиймээс Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан онцгой нэгэн дурсгал” гэж хэллээ.

Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг аж.

Монгол Улсын Засгийн газар Хүйс толгойн бичээсийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад багтааж, Төрийн ордонд залсан юм.

Related news