ДОРНОД: Боловсролын салбарт шинээр 20 орчим сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд шинэ сургуулийн барилга дөрөв, дотуур байр гурав, шинэ цэцэрлэгийн барилга арвыг ашиглалтад оруулжээ. Үүний үр дүнд боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, нэг ангид байх хүүхдийн тоо буурсан гэдгийг өнөөдөр болсон "Дорнодын багш" хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр БШУГ-аас онцоллоо.
Түүнчлэн багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм”, хүүхдийн хөгжил, хүмүүжлийг дэмжсэн “Хүн болох багаасаа" хөтөлбөр, “Англи хэлтэй Дорнодчууд”, “Оюутны хөгжил”, “Хүүхдэд ээлтэй орчин”, ”Сургууль, цэцэрлэгийн бүс” төсөл, “Манай анги”, “Цахим анги”, “Жаргалан кафе”, “Багш хөгжлийн төв” зэрэг бусад аймаг, орон нутгуудад жишиг болохуйц төслүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүн гарсаар байгаа гэдгийг тодотгов.
Энэ онд л гэхэд “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор “Дорнодын багш” болзолт уралдааныг зохион байгуулж, шилдэг дөрвөн багшийг шалгаруулан орон сууцны урьдчилгаа төлбөр олгосон байна.
Түүнчлэн орон нутагт багшлах боловсон хүчин дутагдалтай байгаа учир аймгийн төсвөөс 57.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан одоогийн байдлаар 33 багш бэлтгэгдэж байгаа юм.
Ийнхүү дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн боловсролын салбарынхан амжилт ололтоо тодотгож, сурган хүмүүжүүлэх их үйлсдээ амжилт гаргасан зарим багшийг төрийн дээд одон медаль, салбарын болон аймаг, хотын шагналаар шагнаж урамшууллаа.