ОРХОН: Д.Ганболд: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсандаа баяртай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт амжилттай боллоо. Боксчдын чансааг тодорхойлох тус тэмцээнийг Эрдэнэт хотноо боксын спортыг үүсгэн байгуулагч, Спорт цогцолборын “Хангарьд” шигшээ багийн боксын дасгалжуулагч, ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгууллаа.
Тэмцээнд 100 гаруй тамирчин оролцсоноос багийн нэгдсэн дүнгээр таван алт, таван
мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж 72 оноогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа
“Хангарьд” спорт клубийн баг тэргүүн байрт шалгарлаа.
Д.Ганболд: Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсандаа баяртай байна
Тус тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар эрэгтэйчүүдийн
54 кг-ын жингийн аварга “Хангарьд” спорт клубийн тамирчин Д.Ганболд шалгарлаа. Тэрээр 2013 оноос хойш боксын спортоор
хичээллэж байгаа. “Шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсандаа баяртай
байна. Энэ удаагийн тэмцээн илүү өргөн цар хүрээтэй боллоо. Өмнө жилийн
тэмцээнд хожигдож байсан тамирчнаа хожиж Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээнд оролцох эрхээ авсандаа баяртай байна. Цаашид олимп, тив дэлхийн
аварга болж Монгол эх орныхоо төрийн далбааг мандуулах зорилготой бэлтгэл
сургуулиа хийж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Т.Номин-Эрдэнэ: Анх биеэ хамгаалах зорилгоор боксын спортоор хичээллэж эхэлсэн
Тус тэмцээний эмэгтэй шилдэг тамирчнаар
эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аварга, Хилчин спорт клубийн тамирчин
Т.Номин-Эрдэнэ шалгарлаа.
Тэрээр хэлэхдээ, “Боксын спортоор хичээллээд
зургаан жил болж байна. Анх биеэ хамгаалах зорилготой боксын спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Энэ тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын
жинд түрүүлж, шилдэг эмэгтэй тамирчин болсондоо маш их баяртай байна. Багшдаа,
хилийн цэргийн хамт олон, гэр бүлийнхэндээ намайг дэмжиж тусалдагт маш их
баярлалаа гэж хэлье” гэсэн юм.
Б.Пүрэв-Очир: Боксын спортын багш, дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж байна
Тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгарсан
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт клубийн дасгалжуулагч Спортын мастер
Б.Пүрэв-Очирын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ, “Би 2012 оноос
хойш боксын спортын багш дасгалжуулагчаар ажиллаж байна. Арван жилийн хугацаанд
Орхон аймгийнхаа нэрийг улс, тив дэлхийд өндөрт өргөсөн, чадварлаг олон шавь
бэлтгэж байгаадаа баярлаж явдаг. Энэ удаагийн тэмцээн Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх олгосноороо онцлог
байлаа” гэсэн юм.