ХОВД: Шинээр 200 гаруй түүхийн үл хөдлөх дурсгал илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-11 17:33:13

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн 17 суманд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийж дууслаа.  


Уг ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хоёр сар гаруй хугацаанд 650 ширхэг үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулж,  улмаар 7800 орчим дурсгалыг нарийвчлан тоолж, шинээр 200 гаруй түүхийн үл хөдлөх дурсгал илрүүлэн ажиллажээ.


Тус аймагт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолох ажил ийнхүү 90.7 хувьтай хэрэгжиж, дуусаад байна. Ингээд цаашид түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын үнэлгээ, мэдээллийг нэгтгэн дүгнэж, баримтжуулан цахим программд шивэх ажил үргэлжилнэ.
    

Нийтлэг зөрчил болох хиргисүүр ухаж, тонох зөрчил багассан бөгөөд нар салхины нөлөөгөөр түүх, соёлын дурсгалууд элэгдэх, балрах явц илүүтэй ажиглагдсан гэж мэргэжилтнүүд хэллээ.

Түүнчлэн зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай хэд хэдэн түүх, соёлын дурсгал байна. Тухайлбал: Гурван цэнхэрийн агуй, Үенч сумын Харганатын хадны бэлчрийн Хүннүгийн үед хамаарах тамганы дүрс бүхий сүг зураг гэх мэт. Дээрх дурсгалыг яаралтай хамгаалах асуудал, саналыг тухайн сум, мэргэжлийн байгууллага, соёлын яамд хүргүүлэн ажиллаж буй.  

Related news