ХОВД: Он гарсаар гал түймэр, гамшиг, ослоос 21 хүний амь авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-13 19:11:56

Ховд /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” өнөөдөр (2022.10.13) тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.


Энэ үеэр орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, аврах ажиллагаанд ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг танилцууллаа. 


Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд гол түлхэц болох юм.  


Ховд аймгийн хэмжээнд 2022 оны эхний 10 дугаар сарын байдлаар нийт 66 удаагийн гал түймэр, гамшиг, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.


Үүнд: объeктын гал түймэр 49, ой хээрийн түймэр 4, усны болон нуурын мөсөнд цөмөрсөн дуудлага 3, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 5 байна. Мөн үeрийн дуудлага 1, малын гоц халдварт шүлхий өвчин 1, тарваган тахал өвчний 2 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллажээ.


Дээрх дуудлагаар гарч ажиллахдаа 21 хүний амийг авран хамгаалж, ослын голомтоос 5 цогцос гарган холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд 240.6 сая төгрөгийн хохирол учирсан ба 1 тэрбум 020.5 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Цаашид иргэдийн гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлын чадавхыг бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.  



 

Related news