ХОВД: Хашир малчдын харамгүй зөвлөгөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-19 11:08:59

Ховд /МОНЦАМЭ/. “Өвөл,  хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд зарим сумын малчидтай уулзаж, мал маллах арга туршлага, өвөлжилтийн бэлтгэл ажлынх нь талаар сурвалжиллаа.  

 

                      Хоньчин баатарын “Хотгүй отор”-ын туршлага одоо ч үнэ цэнтэй хэвээр...

Ховд аймгийн Манхан сумын харьяат, Монгол Улсын аварга малчин А.Төртогтох нь 20 гаруй жил “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Улмаар нэгдэл татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл мал сүргээ хариулж явна. 

Тэр бол нутгийн хашир туршлагатай малчдын нэг юм. Хээлтэгч малыг тогтвортой өсгөж, хээлтэгчийн хувийн жинг бод малд 40.0-50.0, бог малд 55.9-56.1 хувьд хүргэж, мал сүргээ үр төлөөр нь өсгөдөг.

Монгол Улсын аварга малчин  А.Төртогтох  1103  малыг үржилд зориулан бойжуулж малчид, мал бүхий иргэдэд худалдан,  сүргийн бүтэц, чанарыг дээшлүүлэхэд анхаарч иржээ.

Тэрээр 46 жилийн турш мал маллахдаа малаа отроор хариулж, сумынхаа хэмжээнд яваагүй газар үгүй гэж ярьсан юм. Эднийх одоогоор Зэрэг голд намаржиж байгаа бөгөөд өөрийн болон хүүхдийн нийлсэн 3000 толгой малтай гэнэ.

Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цогтгэрэл агсны хотгүй отроор мал хариулдаг туршлагаар 46 жилийн турш малаа маллаж иржээ. 

Хотгүй отор гэдгийг тэрбээр тайлбарлахдаа, малчин хүн нэг газар удаан суурьшдаггүй. Хаана бэлчээрийн гарц сайн байна тэнд нүүж очдог. Ингэхдээ нэг буурин дээр 1-2 хонож нутаг сэлгэж явдаг.


Тэр мориндоо, майхан шанагаа ганзагалаад л явдаг. Малынхаа араас ингэж явахад хүчтэй шуурга, байгалийн эрс тэс ааш араншингаас өөрийгөө ч, малаа ч хамгаалж чаддаг. Заримдаа майхан саваа салхинд алдах үе ч гардаг. Ингэж уйгаггүй малаа дагаж чадвал тарга хүч сайн авч, өвөл, хаврыг ердөө ажрахгүй давдаг байна.


А.Төртогтох сумынхаа нэг багаас нэг хуц, нэг азарга сайн шинжиж авах жишгээр малынхаа цус сэлбэж, эцэг малаа чанаржуулдаг нь тэдний мал өлчир байх бас нэгэн давуу тал аж.

Малчид аль болох машинаар нүүхгүй байвал малд сайн. Машин, мотоциклтэй мал хариулбал мал шуухинаатай болж, өндөр уул өөд бэлчээрт муу явдаг гэлээ.


Улсын аварга малчин А.Төртогтох  өвөл,
хаврыг өнтэй давахад хэн нэгэн тусална гэж найдахаас илүү малчин хүн хувийн бэлтгэл, хоол хүнс, дулаан хувцас, түлээ түлш, хужир давсаа, хадлан өвсөө л чамбай бэлдээрэй гэж зөвлөлөө.

                                                                 Отроор малаа таргалуулж чадвал сайн

Улсын аварга малчин Р.Цэгмид өдгөө Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн нутагт амьдарч байна. Наян настай энэ малчинд өнөө цагийн залуу малчдад хэлж зөвлөх олон сургамж бий.  Тэрбээр хувьдаа 50 толгой малтай гэнэ.


Намайг мал маллаж байх үед аймгийн захиргааны Мал аж ахуй хариуцсан дарга
Н.Зарыкканы үед надад хоньчны нэгдүгээр зэргийн үнэмлэх олгож байлаа. Насаараа л мал дагасан би, өөр ажил хийгээгүй хэмээв


Манай нутагт 60 хоног шуурах тохиолдол энүүхэнд болдог
. Ингэж шуурсны дараа цас орвол хонхор газраа хүйтэн хадгалагдаж өвөл нь газрын хөрсөн дээр хасах 40 хэмийн хүйтэн болох үе ч олонтоо тохиож байсан. 


Манайх өвөлжөөгөө хатган, хувийн бэлтгэлээ хангаж,
6-7 машин өвс хадаж авсан. Өвлийг гайгүй давах байх гэж бодож байна.

Отроор мал маллаж, малаа таргалуулж чадвал тарга хүч сайн авна. Харин биеэ оторлож залхуурч суусан малчин өөрөө ч, мал бас зовно. Малчин хүн малаа сайн оторлож уйгагүй дагаж явах хэрэгтэй


Энэ мэт энгийн хэрнээ залуу малчид анхаарах шаардлага олон зүйлийг хуучиллаа.  

                                                  Хужир идсэн мал өлчир байдаг


Цэцэг сумын Баяновоо багийн малчин Ч.Отгондэлгэр
ийн гэр бүлийн хамт Ангиртын гол, Хуримтын уулын бүс нутгаар зусланд гардаг. Өвөл нь хөндий гэдэг газар өвөлжиж, хавар нь Алтай сумын нутаг Алтайн даваа давж өвөлжөөд ууланд буудаг.

Наймдугаар анги төгсөөд мал маллаж өдий хүрсэн. Долоон хүүхэдтэй.  

Энэ жилийн хувьд манай мал онд мэнд орох хэмжээний гайгүй тарга хүч авсан. Өв тос гайгүй гарсан шүү. Манайх ер нь  өвлийн жаврыг өнгөрөөж байж  малаа  дулаан хотонд нь оруулдаг. Малын дулаан өтөг бууц, ус хужир арвин нөөцөлбөл өвлийг өнтэй давдаг” гэж хэллээ.

Малынхаа нэг хот, малын хашаа дотор хаврын цагт хонио манай нөхөр төллүүлнэ, би ямаагаа төллүүлдэг. Ингэж хөдөлмөрөө хоршиж хоёр зэрэг цаг наргүй зүтгэж их хаврын ажлын ард гардаг. Манайх Цэцэг голоос хужираа татаж аваад нөөцөлсөн. Хужир идсэн мал өвлийг ажрахгүй. Өвөл нь өлчир байдаг. Бид хоёр малынхаа нэг хотонд хонь, ямаагаа сувай, саадгаар нь ялгаж ангилдаг. Зун ямаагаа холбож саагаад сүү цагаан идээ, ааруул тосоо бэлдээд нөөцөлчихдөг. Нөөцөлж бэлтгэсэн  ааруулаа өвөл борлуулдаг.


Энэ жил хүйтэн шуургатай байж магадгүй, бид чинь Мянган угалзатын нурууны их уулсын дээгүүр үүлний өнгийг их ажигладаг. Энэ жилийн үүлний өнгө их тогтворгүй, бараан саарал өнгө олонтоо гарч байна. Энэ нь өвөл эрт хүйтрэх шинж тэмдэг ажиглагдаж байна. Ингэж үүлний шинжээр мал ахуйгаа зохицуулдаг. 


Ер нь малчин хувийн бэлтгэл сайн хангах ёстой. Би хониныхоо дулаан дээлээ өөрөө оёчихдог. Өглөөнөөс орой хүртэл цаг наргүй бидний ажил үргэлжилж л байдаг. Ингэж зүтгэсний хүчинд зуд зурханд нэрвэгдэх нь ховор байдаг шүү хэмээн малчин Ч.Отгондэлгэр хуучиллаа.

Related news