ХОВД: Хог хаягдлын менежментийг сайжруулах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-27 12:08:18

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ онд хог хаягдлын менежментийг сайжруулахаар 2.5 тэрбум төгрөг хуваарилсан юм. 

Тус аймгийн төвлөрсөн хогийн цэг 300 гаруй га талбайг эзэлдэг. Мөн төвлөрсөн хогийн цэгийн гадна талбайд хог хаягдал асгаснаар шинэ хогийн цэг үүссэн юм. 


Иймээс хог хаягдал тархсан талбайг хумих, түрэх, хөрсийг эрүүлжүүлэх зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Онцлоход, энэ онд 70 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн төвлөрсөн хогийн цэгийн орох хэсэгт тархсан 1000 орчим эвдэрсэн авто машины хаягдлыг зайлуулж, хогийн цэгийн отволд төвлөрүүлжээ. Түүнчлэн нисэх онгоцны буудал чиглэлд үүссэн хог хаягдлыг цэвэрлэжээ.  


Эдгээр ажлыг гүйцэтгэхэд шинээр 50 ковш машин худалдан авч ашиглажээ. Мөн Жаргалант сумын гэр хорооллын айлын хог хаягдлыг татан авахад зориулан 25 тонн багтаамжтай өөрөө буулгагч самосвал машин авч, орон сууцны хорооллын хог хаягдлыг шуурхай төвлөрүүлэх үүднээс 49 хогийн цэг (бункёр) шинээр байршууллаа.    


Ийнхүү хог хаягдлын менежментийг шат дараатай сайжруулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.   

Related news